Газрын тосны фьючерс ханш баасан гаригт долдугаар сараас хойших хамгийн өндөр хувиар өссөн тухай marketwatch.com цахим хуудсанд мэдээлэв. Улмаар уг ханш өмнөх долоо хоногт нийт есөн хувиар дээшилсэн аж. Ам.долларын ханш суларч, АНУ дахь цооногийн тоо цөөрч, эрэлт нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн баррель түүхий нефтийн ханш долдугаар сараас хойш анх удаа 50 ам.долларт хүрсэн тухай шинжээчид тэмдэглэж байна.
Баасан гаригт Лондоны металлын биржид арваннэгдүгээр сард нийлүүлэх “Brent” маркийн нефтийн ханш 1.8 хувиар нэмэгдэн, баррель нь 54 “ногоон”-той дүйв. Улмаар уг таваарын ханш өмнөх долоо хоногт нийт 11 хувиар өссөн нь 2009 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болсон байна. Энэ онд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 1.5 сая баррелиар нэмэгдэхээр байгаа нь өмнөх тооцооллоос илүү дүн гэдгийг ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Салем аль-Бадри өгүүлжээ.