Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлэгт Өршөөлийн тухай хуулиар гурав хоногийн нэмэлт завсарлага өгөв. Зарим Байнгын хорооны даргыг томилох асуудал сунжирч, дээрх асуудлаар нухацтай ярилцаж чадаагүй тул завсарлагын хугацааг сунгахыг МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт хүссэнийг УИХ-ын дарга ёсоор болгосон юм.
Мөн 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааны нэгдсэн танхимын тодорхой хэсэгт УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал гаргахаар шийдвэрлэснийг дуулгасан юм.
“Давхар дээлтэй” гишүүдийг хаана суулгах нь энэ долоо хоногт тодорхой болох юм байна. Ингэж гишүүн-сайд нар нэг дор сууж хуралдаанд оролцсоноор ирц нь тодорхой болох гэнэ. Даргынхаа энэхүү саналыг тус хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
Мөн гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас “Оюутолгой” төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов.
Энэ үеэр Ерөнхий сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа “Оюутолгой төслийн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөхгүйгээр зөвхөн далд уурхайг ашиглалтад оруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөө баталсан. Хөрөнгө оруулагч тал олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас амласан санхүүжилтийн асуудлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа. Энэхүү санхүүжилтийг авснаар хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах боломж бүрдэх юм” гэж байлаа.
Мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд “Хөрөнгө оруулагч тал энэ оны арваннэгдүгээр сард багтаж дэлхийн 15 банктай зээлийн гэрээ байгуулснаар мөнгөний урсгал орж ирнэ гэж харж байгаа” гэв.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхан ч “Оюутолгойн далд уурхайг бүтээн байгуулах нийт төсөв болох зургаан тэрбум орчим ам.долларын дөрөв орчмыг нь банкны зээлээр, үлдсэн хэсгийг “Оюутолгой” компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон” гэж хариуллаа.
Б.УРАН