Тахийг эх оронд нь авчирч, нутагшуулан үржүүлэхэд БНЧУ-ын Прага хотын захиргаа болон тус хотын амьтны хүрээлэнтэй манай улс байнгын холбоотой ажилладаг.
Дээрх ажлын хүрээнд БНЧУ-ын Прага хотын захиргаанаас Говийн их дархан цаазат газрын (ГИДЦГ) “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаанд “Форд Рэнжер” маркийн машин бэлэглэснийг Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк өнгөрсөн баасан гаригт холбогдох хүмүүст гардууллаа.
Тахийг жилийн дөрвөн улиралд хянаж, тоолон өвс, тэжээл зөөхөөр энэхүү машиныг бүрэн тоноглосон юм байна.
Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк “Монгол тахь буюу зэрлэг адуу бол маш гайхамшигтай амьтан. Монголын брэнд гэж хэлж болно. Тэднийг сэргээн нутагшуулж, үржүүлэх зайлшгүй шаардлагатай.
Дэлхийд 1000 орчим тахь байдгийн тавин хувь нь танай улсад бий. Бид тахийг хамгаалах, үржүүлэхэд олон талын туслалцаа үзүүлж байгаа. Тухайлбал, 2011 оноос хойш Европоос жилдээ 3-4 тахь Монголд авчирч байна” гэлээ.
Манай оронд 1960 оны үед тахийн сүрэг устаж, үгүй болсон гэдэг. Байгаль цаг уурын таагүй нөхцөл болон тахийн махыг хүнсэндээ хэрэглэж, унагыг нь гадаадын амьтны хүрээлэнд худалдсан нь устахад нөлөөлсөн аж.
Харин 1980-аад оны сүүлчээр дэлхийн 100 гаруй орны амьтны хүрээлэн 1000 орчим тахьтай болсон байв. Ингээд 1985 онд олон улсын эрдэмтэд “Тахийг амьтны хүрээлэнд байлгах нь тохиромжгүй. Эх нутагт нь зэрлэг байдлаар нутагшуулах нь зүйтэй” гэсэн асуудал дэвшүүлснээр тахийг Монгол руу буцаах тухай анхны шийдвэр гарсан түүхтэй.
Тухайн үеийн манай улсын сайд, дарга нарын шийдвэрээр 1990 онд тахь нутагшуулах үндэсний комисс байгуулж, 1992 онд Герман, Голландаас 21 тахь авч иржээ. Одоогийн байдлаар Хустайн нуруу, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг болон Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд нийт 500 гаруй тахь байна.
Өмнө нь БНЧУ-ын Прага хотын захиргаанаас “УАЗ-469”, Хөгжлийн агентлагаас “Тоёота” компанийн “Ландкрузер-80” болон “Фургон”, орон нутаг хөгжүүлэх төслийн хүрээнд цасны мотоцикль 2009-2014 онд манай улсад бэлэглэж байжээ.
Э.НАМУУН