Нийслэлийн удирдлагын зөвлөл өнгөрөгч пүрэв гаригт хуралдаж нийтийн тээвэрт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцсэн ч шийдвэр гаргасангүй. Уг хуралд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга оролцож, тулгамдсан асуудлыг сонссон.
Тиймээс нэг цагийн тарифыг эцсийн байдлаар гаргаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр болсон юм. Ийнхүү тохиролцсон учраас тээврийн компаниуд өнгөрсөн баасан гаригаас эхлэн автобуснуудаа шугамд нь явуулж эхэлсэн.
Нийслэлээс гарсан ажлын хэсэг цагийн тарифыг 30516 төгрөг байхаар тооцжээ. Харин хувийн тээврийн компани болон нийслэлийн Тээврийн газар үүнийг 34 мянган төгрөг байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Орлого ихтэй компаниудын орлогыг багатайд нь өгөөд байна гэсэн гомдол гараад байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Манайх их ашиг олсон байтал мөнгийг маань бусад компаниудад өгчихлөө гэдэг. Тэгэх ёстой юм. Ухаалаг системийн үндсэн зарчим бол орлогын төлөө биш, иргэддээ үйлчлэхийн төлөө байх явдал. Хүнгүй байсан ч цагаараа явах ёстой гэдэг чинь тэр. Харин бид хүнгүй явсан ч мөнгийг нь өгч байх учиртай.
-Дамжин суухад мөнгө авахгүй гэсэн боловч одоо 200 төгрөг болгох гэж байгаа юм уу?
-Хоёр дахь автобусанд дамжин суувал үнэгүй гэдэг мэдээлэл буруу эх үүсвэрээс гараад олонд тарчихсан. Тэг төгрөг байна гэж хот хэлээгүй. Бид судалгаа хийж байна. “Улаанбаатар смарт карт” компанийн гаргасан судалгаагаар өдөрт 650 мянган зорчигчийн 34 хувь нь дамжин суухаар байгаа юм.
Харин нийслэлийн Тээврийн газраас нийт зорчигчийн 14.5 хувь нь зайлшгүй дамжин сууж байгаа гэсэн судалгаа гаргасан. Бид үүний дагуу тооцоо хийж, 60 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр ярилцаж байна.
-Цагийн тарифын зөрүүг долдугаар сарын 29-нөөс тооцож өгөх боломжтой юу?
-Ямартай ч бид нийтийн тээврийн асуудлыг бүгдийг нь шийднэ. Тооцоо судалгаа гээд хугацааны хувьд л удааширч байгаа юм. Зөрүү мөнгийг гарцаагүй олгоно. Дахин хэлэхэд хувийн хэвшлийнхэн ээлжит шантаажаа хийлээ. Бид дахин шантааж хүлээн авахгүй. Компаниудыг шалгана.
Нийслэлийн Засаг дарга хувийн тээврийн компаниудад нөхөн олговор, орлогыг нь хуваарилан өгсөөр байтал зориудаар ажил хаясан хэмээн нийтийн тээврийн компаниудад шалгалт оруулахаар болсон. Энэ талаар компаниудын захирлууд “Биднийг шалгана гэсэн. Бид тэр шалгалтаас айхгүй.
Харин ч шалгуулмаар байна. Бид долдугаар сарын 29-нөөс гэрээ ёсоор ажлаа таслалгүй явуулсан. “Улаанбаатар смарт карт” ХХК болон нөхөн олговроос орсон мөнгийг бид шатахуундаа л зарцуулсан. Нэг автобус өдөрт 85 литр түлш зарцуулдаг.
Өнөөдөр нэг литр түлш 1790 төгрөг байгаа. Өнгөрсөн 70 хоногийн хугацаанд тээвэрт явдаг 1000 автобус 10.6 тэрбум төгрөгийн шатахуун зарцуулсан байна. Үнэхээр бид илүү санхүүжилт авах гээд мөнгөний араас явсан бол хариуцлагаа хүлээнэ. Тийм юм байхгүй бол төр хариуцлагаа хүлээ” гэсэн юм.
Г.ЦЭЦЭГ