“BPW” интернэйшнл нь дэлхийн 100 гаруй улсад салбартай, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмждэг байгууллага юм. Эдний салбар Монголд байгуулагдсан бөгөөд Зүүн Азийн дэд бүсийн чуулганыг энэ сарын 9-11-нд анх удаа Улаанбаатарт зохион байгууллаа.
Энэ үеэр “BPW” интернэйшнлийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ази, Номхон далайн бүсийн зохицуулагч Сюзан Жонстой ярилцлаа.
-Байгууллагаа танилцуулахгүй юу?
-“BPW” интэрнэйшнл гэдэг байгууллагын ерөнхий үйл ажиллагаа нь улс төр, бизнес, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдал, зөв харилцааг бий болгоход чиглэдэг. Бүх юм тэгш харьцаатай байх ёстой шүү дээ.
Манай байгууллага 100 гаруй оронд салбартай. Маш олон эмэгтэйчүүдийг нэгтгэж чадсан. Тэд өөр өөрсдийн соёл, хэл, онцлогтой ч өнөөдөр нэг чигт харж чадсан.
-Манай улсад Зүүн Азийн дэд бүсийн чуулган анх удаа хийлээ. Анх удаа ирсэн хүний нүдээр харахад эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх ямар байна вэ?
-Их, дээд сургуульд сурч байгаа нийт оюутны 75 хувь нь эмэгтэй, тэр дундаа гадаад хэлний чиглэлээр сурч байгаа оюутнуудын 95 хувь нь эмэгтэй гэсэн статистик мэдээ анхаарал их татсан. Үүнээс Монголын эмэгтэйчүүдэд хөгжих боломж их байгааг харж болно. Тиймээс бид өөрсдөд нь байгаа боломж, түүнийгээ цааш нь хөгжүүлэхэд нь туслах зорилгоор чуулган хийсэн.
Эмэгтэйчүүд улстөрд оролцох, санхүүгийн хараат бус байдалд хүрэх нь чухал. Баян-Өлгийд бүргэдийн баяр үзэж байхад 20 гаруй насны охид чуулганд оролцохоор Улаанбаатарт очно гэж ярьж байсан. Энэ мэтээс харахад Монголын эмэгтэйчүүд зоригтой, манлайлагч юм. Ер нь Монгол Улс дайчин хатад олонтой.
Мөн бизнесийн салбарт ч амжилттай яваа эмэгтэйчүүд олон байдаг юм билээ. Харин одоо илүү хурдацтай хөгжих л чухал юм. “BPW” интернэйшнл өөрөө бизнесийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг “ITC” гэдэг байгууллагатай хамтардаг. Намайг Монгол руу ирэх үеэр “Ноолууран бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг Алтаа гэдэг эмэгтэй манай гишүүн” гэж хэлж байсан.
Энэ удаагийн чуулганыг Монголд хийсэн нь нэг манлайлагч эмэгтэйтэй холбоотой. НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын хурал дээр “Бриллиант” клубын тэргүүн Ё.Нямжав надтай уулзаад, энэ чуулганыг Монголд зохион байгуулах санал тавьсан юм. Дэд бүсийн чуулган боловч Мексик, Австрали, Солонгос, Япон, Тайвань зэрэг маш олон орны эмэгтэйчүүд оролцсон.
-Монголын эмэгтэйчүүд ээжийн үүргээ гүйцэтгэхийн хажуугаар улс төр, бизнест хүч сорьдог. Амжилт гаргахын тулд яах ёстой юм бол?
-Би Австрали улсын иргэн. Манай эмэгтэйчүүд улс төрд оролцох оролцоогоо идэвхжүүлэхээр өнөөдрийг хүртэл тэмцсээр байгаа. Үүний үр дүнд сүүлийн 200 жилд анх удаагаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон. Харин Монголын УИХ-ын гишүүдийн 11 нь эмэгтэй юм билээ. Тэгэхээр монгол эмэгтэйчүүдийн улстөр, бизнест оролцох оролцоо сайн гэж дүгнэж болохоор байна.
Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтарч ажиллах нь чухал. Хайчны гуя хоёр талаасаа хөдөлж байж л юм хайчилдаг шүү дээ. Үүн шиг хамтарч ажиллах ёстой. Ялангуяа улс төрд. Тэгээд ч эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмнө тэгш үүрэг хүлээдэг шиг улсынхаа хөгжлийн өмнө ч тэгш үүрэг хүлээх ёстой. Тэгж байж л маргаашийн шинэ Монголыг бүтээнэ.
-Эмэгтэй хүмүүс аж ахуйн асуудлыг сайн шийддэг. Харин бодлогын асуудлыг эрчүүд зангиддаг гэдэг яриа байдаг?
-Эмэгтэй ажилчин олонтой байгууллагын үйл ажиллагааны үр дүн эрэгтэй ажилчин олонтой байгууллагынхаас өндөр байдаг. Монгол эмэгтэйчүүд малаа хариулахаас эхлээд их олон ажил амжуулдгийг орон нутагт явж байхдаа харсан. Тиймээс тухайн орон нутгийн захиргаа нь эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй. Нэг сонирхолтой жишээ дурдъя.
Манай байгууллагын ХБНГУ дахь салбарын гишүүн эмэгтэйчүүд олон жил тэмцсэний үр дүнд тэгш байдал бий болгож чадсан. Юуны төлөө тэмцсэн бэ гэхээр, тус улсад хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд эрчүүдээсээ бага цалин авдаг байсан юм. Тэмцлийн үр дүнд цалингаа ижил болгосон. Тэгэхээр эмэгтэйчүүдийнхээ идэвхийг өшөө илүү нэмэгдүүлэх ёстой.
-Та манай улсыг ямар бодлого явуулах шаардлагатай гэж харж байна вэ?
-Мөн л жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэйчүүдээ дэмжиж, бүтээгдэхүүнийг нь худалдан авах нь чухал. Монгол хүмүүсийн гэр бүл нягт холбоотой учраас эрчүүд нь эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллах боломжтой.
Г.БАЯРЦЭЦЭГ