Замын цагдаагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Уран зохицуулагч 2015” тэмцээн өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв, баасан гаригт боллоо. Ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч” тэмцээн цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтаас шалтгаалан сүүлийн хэдэн жил тасалдсан юм.
Харин энэ жилээс алба хаагч нараа идэвхжүүлэх зорилгоор сэргээн явуулж эхэлжээ. “Цайз” захын уулзвар энэ өдөр замын цагдаагаар “бялхаж” байв. Учир нь 21 аймаг, есөн дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, офицер, цагдаа гэсэн гурван алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 34 баг оролцсон.
100 гаруй цагдаа нэг дор байхад дүрэм зөрчих жолооч нэг ч байхгүй нь мэдээж. Бүгд зогсох ёстой газраа зогсож, эгнээ байраа дүрмийн дагуу эзэлж байв. Явган зорчигчид ч зөвхөн ногоон гэрлээр гарахаа мартсангүй.
Тэнд замын цагдаагийн алба хаагчдаас гадна тэдний “Биет зохицуулалт”-ыг үзэж сонирхохоор олон хүн цуглажээ. Тэд ам амандаа “Цагдаа нар ингэж дохивол ёстой гоё юм байна” хэмээн ярьж байв. Үнэхээр биет зохицуулалт хийж буй цагдаа нарын гар үегүй юм шиг л туялзаж байлаа.
Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Я.Соронзонболд “Автомашин, мотоциклийн уран жолоодлого, хараацай эргэлт зэрэг уралдаан зохион байгууллаа. Энэ жилийн “Уран зохицуулагч 2015” тэмцээний ялагч нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасаг шалгарлаа” гэв.
Түүнчлэн нийслэлийн Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасаг II, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг III байрт шалгарсан. Орон нутгаас ирж оролцсон Дорнод, Хэнтий аймгийн Замын цагдаагийн тасгийн баг тусгай байрт шалгарлаа.
Х.АЗЖАРГАЛ