Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт өрөө түрээслэн амьдарч байсан БНХАУ-ын харьяат Ван Жү Ни, Ван Жун Фэн нарын хоёр иргэнийг энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Г, Ч, Ш, Г, Н нарын таван этгээд бүлэглэн, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгийгээр хөнөөж, хохирогчдын 170 сая төгрөг, 100.000 юань болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарсан.
Уг хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хүнийг хүндрүүлэх бүрэлдхүүнтэйгээр санаатайгаар хөнөөсөн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг есдүгээр сарын 25-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч тус бүрийг шунахай сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2 хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож 22-оос 24 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нар нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, 26-аас 31 насны залуучууд байжээ.