Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.06 км автозамын ажлыг “Ди Ар Жэй” ХХК хийж гүйцэтгэн өнгөрсөн сарын 03-ны хооронд авто замын барилгын ажлыг бүрэн дуусгаж, барилга байгууламжийн байнгын ашиглалтад оруулах комисст хүрээлгэн өгчээ. Харин өнөөдөр тус замыг албан ёсоор нээх ёслол болж, ёслолд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Концессийн гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр барих, шилжүүлэх нөхцөлөөр баригдсан тус замын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн ба 9.06 км хатуу хучилттай авто зам, 9.0 метр өргөн хоёр эгнээ зорчих хэсэгтэй, зорчих хэсгийн хоёр талд 2.5 метрийн ногоон зурвас, хоёр талдаа гурван метрийн явган зам, нийт 26 ширхэг ус зайлуулах төмөр бетон хоолой, 5000 у/м гэрэлтүүлэгтэй болж иж бүрэн шинэчлэгдсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр Өлзийт хорооллын иргэд та бүхэнтэй энэхүү замын нээлтийн ажиллагааг хийж байгаадаа баяртай байна. Би анх нийслэлийн Засаг дарга болж Өлзийт хорооллын иргэдтэйгээ уулзаж байхад иргэд энэ орчмыг замтай, сургууль, цэцэрлэгтэй болгож, нийтийн тээвэр явуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. Өнөөдөр эдгээр хүсэлт биелсэн гэж хэлж болохоор байна. Ирэх сарын сүүлээр сургууль ашиглалтад орох гэж байна. Дөрвөн жилийн хугацаанд авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эрс сайжирч байгааг иргэд Та бүхэн харж байгаа биз ээ. Бид социализмын үед тавьж байсан авто замын бүтээмжийн рекордыг эвдэж чадсан. Жишээлбэл, Хүй долоон худагт 8.7 километр урт замыг 22 хоногт тавьсан. Мөн зуслангийн 16.8 километр дөрвөн хучилттай замыг хоёр сарын хугацаанд дуусгаж, энэ сарын 15-нд нээхээр төлөвлөж байна. Энэ бүхэн нэгэн сэтгэлээр нэгдэж хамтран ажилласан хүмүүсийн хичээл зүтгэл юм шүү гэдгийг хэлмээр байна. Ингээд Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагууд, энэхүү ажлыг гүйцэтгэсэн компанийн ажилчид, иргэддээ талархлаа илэрхийлье” гэлээ.

Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж: 44 тоннын даацтай автомашин нэвтрүүлэх боломжтой
-Өлзийт хорооллоос Шувуун Фабрикийн чиглэлийн 9.06 км автозамыг ашиглалтад орууллаа. Уг замын ач холбогдлыг хэрхэн дүгнэж банйа вэ?
-Төв аймгаас Өлзийт хороолол хүртэлх чиглэлийн замыг 1991 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар, шинэчлэлтийн ажил огт хийгдээгүй, карьерийн болон хүнд даацын авто машинууд зорчсоноор эвдрэл гэмтэл ихээр гарч, иргэд аюулгүй зорчиход хүндрэлтэй байсан. Харин одоо уг чиглэлийн 4.0 км замыг шинэчлээд, нэмээд Өлзийт хорооллын төвөөөс Шувуун фабрикийн замтай холбогдож байгаа таван км-ийн замтай холбогдоод 9.06 км замын их засвар, шинэчлэлийн ажлыг хийж дуусгалаа.
Энэхүү замыг ашиглалтад оруулснаар иргэд, аж ахуйн нэгжүүд аюулгүй зорчихоос гадна тухайн орчны агаарын бохирдлыг бууруулах, нийслэл хотыг хүнсээр хангах, нийслэл хотоос гадагш чиглэсэн дэд төвүүдийг холбох, хотын авто замын сүлжээг хөгжүүлэх, замын түгжрэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой болох юм.
-Тус замаар хүнд даацын авто машинууд нэлээд зорчих байх. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Монгол Улсын стандартад машиных нь жин ороод нийтдээ 44 тонн даацын авто машиныг нэвтрүүлж байх ёстой. Гэтэл тээврийн хэрэгслүүд дээрх стандартыг эвдээд 80-100 тонныг нэвтрүүлэх болсон. Үүнийг хязгаарлаж чадвал 44 тонн-доо багтсан ачааны машиныг нэвтрүүлэх хүчин чадалтайгаар баригдсан. Өөрөөр хэлбэл, 70 суурийн хийцийг цементээр бэхжүүлж, дээрээс нь есөн см-ийн зузаан асфальтаар хучиж өгсөн нь ямар ч даацтай автомашиныг нэвтрүүлэх чадалтай.
“Ди Ар Жэй” ХХК-ийн захирал Д.Батмөнх: Концессийн гэрээгээр 20.5 тэрбум төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн
-44 тоннын хүнд даацын автомашиныг нэвтрүүлэх боломжтой ч иргэд, аж ахуйн нэгжүүд даацыг нь 80-100 тонн хүртэл хэтрүүлдэг гэсэн. Тэгвэл танай барьсан замд ойрын хоёр жилдээ засвэр үйлчилгээ орох уу?
-Манай компани хууль зааснаар ойрын гурван жилийн зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Ер нь энэхүү концессийн гэрээ нь маш их эрсдэл дагуулдаг. Энэ ч утгаараа замын шинэчлэлийн ажлыг хийж байхад маш их хүндрэл бэрхшээл гарч байсан. Гэсэн хэдий ч шантралгүйгээр зорьсон ажлаа сайн, чанартай хийж гүйцэтгэж чадсандаа баяртай байна.
-Төсөв өртгийн хувьд 9.06 км хатуу хучилттай авто замыг нийт хэчнээн төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бэ?
-Концессийн гэрээгээр нийт 20.5 тэрбум төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн. Тэгээд гэрээ ёсоор үлдэгдэл санхүүжилтээ 2016 оны нэгдүгээр сард багтааж авах ёстой. Харин эхний 70 хувийн санхүүжилтээ авчихсан байгаа.
-Эхний ээлжинд нийт хэчнээн төгрөгийн санхүүжилтийг авсан байгаа вэ?
-14 тэрбум 350 сая төгрөгийг авсан байгаа. Мөн туслан гүйцэтгэгч компаниудынхаа үлдэгдэл хөлсийг 2016 оны нэгдүгээр сард үлдсэн санхүүжилтээ аваад шийдвэрлэнэ.


