Дундговь аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй ИТХ-ын 12 төлөөлөгч жилийн өмнө төсвийн мөнгөөр Чех, Словак улсад аялаад ирсэн. Тэд аймгийн гадаад харилцааг өргөжүүлэх зорилготой гэж тайлбарласан уг аяллынхаа зардал болох 50 сая төгрөгөө 2014 оны долдугаар сарын 8-нд төсөвт тодотгол хийх замаар татвар төлөгчдийн халааснаас авсан байдаг.
Энэ нь Төсвийн тухай хууль болон Засгийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолтой зөрчилдсөн юм.
ИТХ-аа хууль зөрчих үед нь тус аймгийн Аудитын газраас аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэд санал хүргүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөнд зардлаа тусгахгүй байхыг зөвлөсөн ч хүлээж аваагүй тул акт тогтоосон.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны эцсээр Сангийн яамнаас тус аймгийн Засаг дарга болон Аудитын газарт албан тоот илгээж, Орон нутгийн хөгжлийн сангаас хууль зөрчин зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэр гаргах хүртэл Дундговь аймагт орлогын шилжүүлгийг түр зогсоосон.
Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас ажлын хэсэг томилон, энэ оны хоёрдугаар сарын 9-нөөс Дундговьд ажиллуулан, Орон нутгийн хөгжлийн сан, улсын төсөв, Засаг даргын нөөц хөрөнгөний зарцуулалт болон улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, хэрэгжилт, мөн аймгийн ЗДТГ-ын бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт болон Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хянасан ч тус аймгийн ИТХ-ынхан төсвийн мөнгийг буцаан төлөөгүй юм.
Харин одоо эл мөнгийг аймгийн ИТХ-ын нэр бүхий 12 төлөөлөгчөөс гаргуулж, орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхээр боллоо. Тус аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ энэ сарын 6-нд ИТХ-ын дарга С.Буджавт мэдэгдэл хүргүүлж, “Аймгийн Аудитын газраас өгсөн үүргийн дагуу энэ сарын 15-ны дотор нэр бүхий 12 төлөөлөгчөөр 50 сая төгрөгийг төлүүлэн, Төрийн санд буцаан байршуулж, баримтыг нь ирүүлнэ үү” хэмээн мэдэгджээ.
Х.ЭРХЭМ