Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобус гэнэт тоормослосноос болж, дотор нь зорчиж явсан хүн унаж гэмтжээ. Осол энэ сарын 10-нд гарсан бөгөөд хохирогч 70 настай эрэгтэй П ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж эхэлсэн ч өчигдөр нас баржээ.
Ар гэрийнхэн нь түүнийг энэ сарын 10-нд гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдээд байтал хүнд гэмтсэний улмаас ГССҮТ-д хүргэгдсэн болохыг мэдсэн аж.
Автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд Толгойт-Ботаник чиглэлд явдаг 06-32 УНИ улсын дугаартай “Hyundai aero” маркийн автобусыг Ц гэдэг хүн жолоодож явсан гэнэ.
Зорчигч тээвэрлэх журам зөрчиж, хурд хэтрүүлэн явж байгаад огцом тоормослож хүн гэмтээсэн гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Х.ЖАРГАЛ