Нийслэлийн Татварын газрын Тээврийн татварын хэлтсийн дарга М.Шижирбаяраас зарим зүйл тодрууллаа.
-Автомашины улсын дугаараар ангилан татвар төлүүлж буй. Жолооч нар татвараа хэр идэвхтэй төлж байна вэ?
-Жолооч нарын идэвх боломжийн байгаа. Энэ жил татвар төлүүлэх цэгүүдийг нэмсэн. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлөөгүй бол хөдлөх хөрөнгөтэй нь холбоотой бүх үйлчилгээг хязгаарлаж буй. Нэгдүгээр сарын 1-нээс татвар хурааж эхэлсэн ч татвараа төлсөн эсэхийг нь, гуравдугаар сарын 1-нээс шалгаж байна.
Гэтэл нэг, хоёрдугаар сард татвараа төлөх ёстой жолооч нарын 50 хувь нь төлөөгүй байгаа юм. Үүн дотор улсын бүртгэлээс хасагдах тээврийн хэрэгсэл ч бий. Шалгалт эхэлсэн эхний өдрүүдэд замын цагдаагийнхан татвараа төлөөгүй 50 орчим автомашиныг өдөрт саатуулж байсан. Ингээд мэдээллийг нь саатуулагдсан дүүргийнх нь Татварын хэлтэст хүргүүлж буй. Тэгэхээр иргэнд ямар нэг чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж байгаа.
-Тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь ангилан татвар төлүүлэх нь ачааллыг бууруулах зорилготой юу?
-Тийм. Хуульд нийцүүлэн журам гаргаад, нийслэлийн Засаг дарга эрх мэдлийнхээ хүрээнд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь ангилан татвар төлүүлж байгаа.
-Тэгвэл өнгөрсөн оны зургадугаар сард ч юм уу шинэ машин худалдаж авсан хүн нэг жилийнхээ татварыг төлчихөөд улсын дугаараасаа хамааран нэгдүгээр сард татвараа төлөх болж байна гэсэн.
-Бидний ашиглаж буй программ татварыг нэг жилээр нь тооцдог. Тиймээс татвараа хувааж төлөх боломжгүй. Гэхдээ та зургадугаар сард импортоор машин оруулж ирсэн бол тэр өдрөөс нь тооцож татвар авсан байх учиртай. Авто худалдааны цогцолбор ашиглалтад орсны дараа шинэ машинд улсын дугаар олгох, татвар хураах ажлыг тэнд хийж буй. Хэрэв ийм тохиолдол гарсан бол баримтаа авч ирээд манайд хандаж болно. Энэ нь хууль бус үйлдэл учир бид даруй шийдвэрлэж өгнө.
Г.ЦЭЦЭГ