Он гарсаар улаан бурхнаар 10 гаруй хүүхэд эндэж, олон мянган хүн хот, хөдөөгүй халдвар авсаар. “Мэргэжлийн байгууллагууд тоо баримтаа нуун дарагдуулж, олон нийтэд үнэн бодитой мэдээлэл хүргэхгүй байна. 1950 оноос хойш жил бүр улаан бурхан туссан өвчтөнүүдийг 2015, 2016 онтой харьцуулахад энэ удаа өвчилсөн, нас барсан хүн олон байгаа юм. Уг өвчний дэгдэлт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрчихээд байхад холбогдох албаны хүмүүс тоохгүй байна” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэгэн эх сурвалж хэлэв. Энэ дагуу ЭМСЯ, ХӨСҮТ-өөс тодруулахад “Тийм зүйл байхгүй” л гэх юм. Төр засгаас мөнгө нэхэх болохоор “Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй. Ор хүрэлцэхгүй, хэцүү байна. Өвчтэй хүмүүсээ дийлэхээ болилоо” гэнгүүтээ тэрбум орчим төгрөг гаргуулж чадсан. Харин хэвлэлийнхэнд эсрэг юм ярьж суугаа нь хачирхалтай. Олон нийтэд өвчний талаарх мэдээллийг үнэн зөв хүргэж гэмээнэ олон хүн өвчлүүлэхгүй, урьдчилан сэргийлж чадна биз дээ.
Өдгөө ХӨСҮТ-д 630 орчим хүн хэвтэн эмчлүүлж буйгаас Халдвартын тасагт нь улаан бурхантай 410 гаруй хүн байна. Тэдгээрийн 33 хувь нь 15-29 насныхан, 15 хувь нь 0-8 сартай, вакцин тариулах нас нь болоогүй хүүхдүүд аж. Засгийн газар 18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруул гэж 948 сая төгрөг нөөц хөрөнгөнөөсөө гаргаж өгсөн. Уг мөнгөөр 627.500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлтэй нь авахаар НҮБ-ын Хүүхдийн санд захиалаад байгааг ЭМСЯ-ныхан хэлэв. ХӨСҮТ-д халдварын голомтод хийх 10.000, хүүхдэд товлолоор тарих 75.000 хүн/тун вакцин байгаа гэнэ. Тус төвд тархвар зүй, эмнэл зүйн, санхүүгийн зөвлөх баг томилогдон, 14 эмч, 45-50 сувилагч хонон ажиллаж байна. ХӨСҮТ-ийнхний хэлснээр улаан бурхны голомтод буй 50.000 гаруй хүнийг дархлаажуулжээ. Өвчин их байгаа Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хэнтий, Өмнөговь, Дорнод аймагт мэргэжлийн баг томилон ажиллуулж, нийслэлийн эмнэлгүүдийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулснаа давхар хэлнэ лээ.