МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн бямба гаригт БНСУ-ыг зорьжээ. Гуулин улсыг зорьсон түүний шалтгаан нь эмнэлгийн ээлжит үзлэгт орох гэнэ. Энэ тухай намынх нь нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй байгаа Б.Тулга өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлж “Энэ долоо хоногтоо буцаж ирнэ” гэж ярьсан юм.
Намынхан нь өнгөрсөн долоо хоногт шуугиант мэдээлэл хийж, АТГ-ын мөрдөн байцаагч нар Шадар сайдын өрөөнд дайран орж, Н.Энхбаярыг баривчлахыг завдсан. Хилээр гарахыг нь ч хориглосон гэх мэдээлэл цацсан. Харин АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Иргэн Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 133.1-т заасан гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, 148.4-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Түүнд хилийн хориг тавиагүй” гэж байсан.
Үнэхээр л намынхных нь мэдээлснээр хилээр орж, гарах эрхийг нь хязгаарласан бол Н.Энхбаяр БНСУ руу эрүүл мэндээ үзүүлэх гэж явж чадах байсан гэж үү.
Г.РАВЖАА