Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хувиараа аж ахуй эрхэлдэг Х, Э нарыг Улаанбаатар хотын харьяат С гэх эмэгтэй хуурч, нэг сая гаруй төгрөгийг нь луйварджээ. Амласан урамшууллаа өгөхгүй болохоор нь хохирогч хоёр хүн аймгийнхаа Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар сэжигтнийг олон, шалгаж эхэлсэн байна. Сэжигтэн С нь хот, хөдөөгийн олон аж ахуйн нэгж, байгууллагыг хуурч мэхлэн, банкны дансаар дамжуулан мөнгө гуйвуулан авч байсан нь тогтоогдсон аж.
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас мэдээлснээр С аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний шошго дээрх утсаар холбогдож “Нийслэлийн ЗДТГ-аас ярьж байна. Танайхыг шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулна. Шилдэг ажилтныхаа нэрийг өг. Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнана. Мөнгийг нь явуул”, “АНУ-аас оруулж ирсэн тоног төхөөрөмж үнэгүй өгнө. Гаалийн татвараа төлөөд тоног, төхөөрөмжөө ав” гэх мэтээр ярьдаг байжээ.
Тэрбээр 2014 оноос эхлэн ийм байдлаар бусдыг залилсан бөгөөд одоогоор 19 удаагийн үйлдлээр 11.7 сая төгрөгийн хохирол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагынханд учруулсан нь тогтоогджээ. Сэжигтэн С-д холбогдох хэргийг саяхан харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн аж.
Ийм маягаар иргэд, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан руу ямар нэг байгууллагын нэр барин утсаар холбогдон, мөнгө шилжүүлэх санал тавьсан хүмүүст хууртаж, хохирохгүй байхыг Сүхбаатар аймгийн Прокурорын газраас сэрэмжлүүллээ.
Г.ОРЧЛОН