Соёлын гавьяат зүтгэлтэн
Санжийн Пүрэв баавай “...Нас нэлээд явж байна. Хийх юм даанч их, цаг хугацаа давчуу байна. Ямар ч байсан бичээд үлдээх ёстой. Энэ цаг үеийнхээ тухай дэлгэрэнгүй бичиж үлдээх сэн гэж боддог. Та нарын үеийнхэн чөдөр ногт зангидаж, гэр барьж чадахгүй нь тодорхой. Гэр барь гэвэл “Түүний оронд 10 банздуулсан нь дээр” гэж мэдэх л улс...” хэмээн нуг нуг инээж, манай сонинд “Нэгнийгээ олигтойхон магтчих зоригтой аавын хүү ховор болжээ” гарчигтай ярилцлага өгч байсан цаг саяхан.
Гэтэл Монголоо “алдаж” яваа хойчийн биднийхээ оюуны цангааг тайлахаар цаг хугацаатай уралдаж байхад нь өвчин гэгч хийсэж ирээд түүний үнэт хором, мөчөөс хумсалж сууна. “Суварган цэнхэр уулс”, “Манай аялгуу” зэрэг кино, “Азын цэнхэр уулс”, “Усны гудамж”, “Эх газрын чулуу”, “Цаг, цагийн урсгал” зэрэг олон сайхан роман, тууж, өгүүллэг туурвисан тэрбээр чихрийн шижнээр өвдөн жил гаруй эмнэлгээр явсан ч өвчин нь хүндэрч өдгөө хөл нь үхжээд эхэлсэн гэнэ.
Эмчилгээний зардалд 70 сая төгрөг шаардлагатай, Төрийн банкны 103 200 150 992, ХААН банкны 503 4402 911 дансаар сэтгэлийн дэм өргөж, эсвэл номноос нь худалдан авбал тус болох тухай цахим хуудсаар уран бүтээлч дүү нар нь уриалж байна. С.Пүрэв баавайгийн шинээр баринтаглаж буй номуудын талаар тодруулснаа хүргэе. Түүнтэй утсаар холбогдоход эмнэлэгт үзүүлэхээр замд явж байсан юм.
-Та өдөр бүр фэйсбүүкийн найзууддаа мэнд хүргэж, шинэ өглөөний талаарх сэтгэгдлээ бичдэг юм билээ. Өнөөдөр өглөө таны сэтгэлд чухам юу мэдрүүлж, ямар үг шивнэв?
-ГАюурзана, Л.Өлзийтөгс хоёр баахан номоо надад авчирч өгсөн юм. “Ном, нөхөр хоёроос өөр сайхан юм юу байх вэ дээ” гэж хамгийн сүүлд фэйсбүүк хуудастаа бичсэн. Манай Гачууртад чимээ шуугиан бага, цэвэр агаартай болохоор өглөө бүр сайхан эхэлдэг юм.
-“Бороотой зуны нүүдэл” ном гаргасан гэсэн үү?
-Энэ бол уянгын гурав, түүхэн сэдэвт дөрвөн туужаас бүрдсэн ном. 2010 оноос хойш бичсэн зохиолуудаа эмхтгэсэн юм. Өнөөдөр “Хээрийн хойморт адуу янцгаана” нэртэй уянгын өгүүллэгийн түүврээ үйлдвэрээс очиж авахаар боллоо. Хатуу, бөх хавтастай, үдээстэй ном гарах юм. Номын соёл гэж бий. Уншигчдад эдэлгээ даах, үе дамжихаар сайхан ном өгөх хэрэгтэй юм билээ.
-Насны намартайгаа золгосон таны ухаанаас ямар зохиолууд ургасан бол?
-Эргэцүүлж бодох юм энэ насанд их байдаг. Би монгол ёс заншил, аж амьдрал, монголчуудын бодол санааг гаргасан зохиол бичье гэж боддог хүн дээ. Өмнөхөөсөө дордуулсан юм нэг их байхгүй болов уу. Уншигчид давгүй хүлээн авч байгаа.
-Зохиолыг нь та бичсэн “Тэр жилийн тэр өдөр” кино саяхан нээлтээ хийсэн. Ямар санагдсан бэ?
-Б.Нагнайдорж туршлагатай найруулагч болохоор давгүй кино хийсэн байна лээ. Ийм кино хийхэд цэрэг, техник, мөнгө их хэрэг болдог, амар ажил биш.
-Өөр юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Дараагийн номд багтах зохиолуудаа бичиж байгаа. Уншигчдад аль болох шинээр бичсэнээ хүргэж байвал зүгээр юм болов уу. Хуучин зохиолыг хэзээ ч дахин хэвлүүлж болно шүү дээ.
-Таны бие чилээрхүү байгаа гэж дууллаа. Зовиур их байна уу?
-Аа бас өвдөнө өө. Миний шавь нар энэ талаар олон түмэнд мэдээлж, цахим сүлжээгээр бужигнах шиг боллоо. Номын нөхөд ирж, санаа сэтгэлээр дэмжиж байна. Ирэх бямба, ням гаригт бас хэдэн хүүхэд ирнэ гэж утастаж байна лээ. Миний номыг хөдөө, гадаадаас авмаар байна гэсэн. Гадаад руу явуулахад зардал мөнгө ямар болохыг, хэрхэн илгээхийг мэдэхгүй юм. Нэг кг орчим жинтэй жигтэйхэн хүнд ном шүү дээ.
-Өвчин, өвчтөн хоёр нэг тал болбол эдгэдэггүй юм гэнэ лээ. Та сэтгэлийн тэнхээтэй байж, сайн эмчлүүлээрэй.
-Тэмцэнэ ээ. Надад хүмүүс их сайхан хандаж байна. Эдгэнэ ээ л гэж бодож суугаа.
Б.ДӨЛГӨӨН