Соёлын бүтээлч сарын хүрээнд өнөөдөр Уран зургийн галерейд дүрслэх урлагийн 2022 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, тэдгээрээс улсын санд худалдан авах бүтээлийг шалгарууллаа.
Дүрслэх урлагийн 2022 оны улсын санд худалдан авах шилдэг бүтээлээр:
З.Уянга – “Тэнгэрийн хөвгүүд”
Д.Гунгаа – “Амьдралын хүүрнэл” бүтээлүүд шалгарав.
Монгол Улсын Засгийн Газар 2006 оноос хойш Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авч эхэлсэн бөгөөд 2022 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд нийт 96 уран бүтээлч уран зураг, график, уран баримал, сийлбэр, инсталляци, холимог техникийн 131 бүтээл ирүүлсэн юм. “Оны шилдэг бүтээл 2022” үзэсгэлэн 11-р сарын 7-ны өдрийг дуустал Монголын уран зургийн галерейд гарна.
Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл шалгаруулах талаар Соёлын сайд Ч.Номин:
“Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлж, тэргүүлэх чиглэлээ батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд жил бүрийн 11-р сарыг Соёлын бүтээлч сарын аян болгож, соёлын салбарын боломж бололцоог сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдийн соёлын хэрэгцээ, үйлчилгээ, чанар, хүртээмжийг нэмэгдүүлдэг томоохон ажил болж цар хүрээ нь өргөжин тэлж байна.
Соёлын салбарын тэргүүлэх чиглэлд Дүрслэх урлагийн салбар зүй ёсоор багтаж байгаа. Монгол Улсын Засгийн газар 2006 оноос хойш Дүрслэх урлагийн салбарын шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах ажлыг эхлүүлж байсан бол түүнээс хойш 16 жилийн дараа буюу энэ онд бид дүрслэх урлагийн салбарын ач холбогдлыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж чадсан. Энэ бол Дүрслэх урлагийн салбарынхан маань Засгийн газрын тогтоолоор дэлхийн нэр хүнд бүхий биенналь, үзэсгэлэнд Соёлын яамны дэмжлэгтэй оролцож эхэлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид маань олон улсын нэр хүнд бүхий биеннальд оролцохдоо санхүүгийн асуудалд санаа зовох шаардлагагүй, зөвхөн өөрсдийн уран бүтээл, дотоод ертөнцдөө төвлөрөх боломжтой болсонд бид уран бүтээлчдийнхээ өмнөөс туйлын баяртай байгаа.
Мөн бид Монголд 100 гаруй уран бүтээлчийг хамруулан анх удаагаа том хэмжээний орон зайд дүрслэх урлагийн бүхий л төрлийг шингээсэн үзэсгэлэн гаргаж салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэй харуулж чадсан. Энэ удаагийн Соёлын бүтээлч сарын хүрээнд ч гэсэн энэ ажил төлөвлөгдсөн.
Төрөөс дүрслэх урлагийн талаар баримталж буй эдгээр бодлого нь үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, дүрслэх урлагийн түүхийг судлах, баримтжуулах, Монгол хүний оюуны бүтээлийг бодитоор дэмжих, Та бүхний хамтын ажиллагааны боломжийг сурталчлан таниулах, эдийн засгийн эргэлтэд оруулах гарц боломжийг нэмэгдүүлж чадсан гэж бодож, сэтгэл өндөр байгаа.
Уран бүтээлчдийн оюуны бүтээл гэдэг өөрөө бидний үндэсний баялаг, үнэт зүйл учраас цаашдаа ч гэсэн уран бүтээлчидтэйгээ, мэргэжлийн урлагийн байгууллагуудтайгаа байнга хамтран дэмжиж ажиллана” гэж сэтгэгдлээ хуваалцав.