Монголын аялал жуулчлалын холбооныхон өмнөд хөршийн Бээжин хотод аяллын шинэ маршрут тодорхойлох судалгаа хийж, таван чиглэлд монголчуудыг татах боломжтой гэж дүгнэжээ. Үүнд Хятадын эртний өнгө төрх, түүхэн хэв маягийг орчин үетэй хослуулсан “Water town” хот, Цагаан хэрмийн хамгийн сайн хадгалагдан үлдсэн хэсэг, Азийн хамгийн нэр хүндтэй урлагийн дүүрэг болох “798 Art district”, Бээжингийн ликёрын музей, үйлдвэр, 2008 оны Бээжингийн олимпын усан завины тэмцээн зохион байгуулсан ордон, BAIC хэмээх бартаат замын автомашины үйлдвэр, жолоодлогын үзвэрийн төв зэргийг багтаасан байна.
Эдгээр маршрутын дагуу аялал зохион байгуулах сонирхолтой тур оператор компаниудтай Монголын аялал жуулчлалын холбооныхон хамтран
ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн Бээжин хот “Booking”, “TripAdvisor”, “Expedia” зэрэг дэлхийд тэргүүлэгч платформтой хамтран “Хятадад заавал үзэх газар, идэх хоол, худалдан авах бэлэг дурсгал” зэрэг жагсаалтыг гаргаад буй нь Монгол Улсад нэвтрүүлж болохуйц сайн туршлага болсныг дээрх холбооныхон онцлов.
Н.Мишээл