Д.Ганзоригийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2026 оны зургадугаар сарын 2-нд дуусгавар болсон. Тиймээс Дээд шүүхийн бүх шүүгч 3-ны өдөр хуралдаж шинэ Ерөнхий шүүгчийг тодруулах сонгууль явуулсан. Тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Цогт хоёр өрсөлдсөн. Санал хураалтын дүнгээр тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Цогт ялж, түүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсоноо Дээд шүүх албан ёсоор зарласан. Тэр дагуу Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Гэтэл Ерөнхий шүүгчийг тодруулсан сонгууль хууль ёсны дагуу ялагчийг тодруулаагүй байх нөхцөл үүссэн талаар шуугиад эхэллээ. Санал хураалтад 22 шүүгч оролцож 11 нь Ц.Цогтыг, хоёр нь Ч.Хосбаярын дэмжиж, ес нь цагаан хуудас өгсөн байна. Гэтэл, Шүүхийн тухай хуулийн 26.4-т “Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар асуудлыг нийт шүүгчийн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заажээ. Энэ нь сонгуулийн ялагчийг тодруулах 50 дээр нэмэх нэг буюу талаас илүү нь байх зарчимд нийцээгүй гэж үзэхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, 22 шүүгчийн 12, түүнээс дээшх нь дэмжиж байж уг сонгууль хууль ёсны болох нөхцөлийг үүсгэжээ. Хэрэв энэ шалтгааныг үндэслэл болговол Дээд шүүхийн шүүгч нар хуралдаж Ерөнхий шүүгчийн сонгуулийг дахин явуулж магадгүй гэсэн үг. Гэхдээ Дээд шүүхээс: Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний энэхүү шийдвэр нь хуулийн дагуу баталгаажсан бөгөөд Ерөнхийлөгчид уламжлагдсан, уг шийдвэрийг хүчингүй болгох, сонгуулийг дахин зарлах гэх мэт асуудлаар Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд хэн нэг шүүгч аливаа байдлаар санал гаргаагүй, ийм асуудлыг хэлэлцээгүй тул “Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана” гэх агуулгатай мэдээллүүд нь ор үндэсгүй, худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох, санал болгох энэхүү үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Үүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу, тогтсон дэгээр явагддаг, шүүхийн дээд байгууллагын хараат бус, бие даасан байдлын нэг баталгаа болдог тул Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн нь уг асуудалд хариуцлагатай хандаж, Ерөнхий шүүгчийг хуулийн дагуу сонгосон, уг шийдвэр нь хүчин төгөлдөр бөгөөд эцсийн шийдвэр юм. Иймд бодит байдалд нийцээгүй худал мэдээлэл тараахаа зогсоохыг мэдээллийн зарим сувгуудад хандаж мэдэгдэхийн зэрэгцээ албан ёсны мэдээллийг Дээд шүүхийн цахим хуудаснаас хүлээн авч бодит үнэнд нийцээгүй, ташаа мэдээлэлд автахгүй байхыг олон нийтэд уриалж байна” гэжээ.
М.Бат-Эрдэнэ