Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хорооны дарга, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай салбар хороог хуралдуулж, Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэл өгчээ. Шагайн харвааны удирдамжийг 2026 оны тавдугаар сарын 29-нд батлуулж, наадмын нэгдсэн цахим хуудсанд холбогдох мэдээллийг тогтмол байршуулж буй. Харвааг насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе гэсэн ангиллаар зохион байгуулах бөгөөд наадмын зохион байгуулах хорооноос шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Насанд хүрэгчдийн багийн харваанд түрүүлсэн багийг алтан медаль, өргөмжлөл, 40, удаалсныг нь мөнгөн медаль, өргөмжлөл, 32, III байрт шалгарсныг нь хүрэл медаль, өргөмжлөл, 24, IV байр эзэлснийг нь өргөмжлөл, 16, V-VIII байрт орсныг нь өргөмжлөл, дөрвөн сая төгрөгөөр байлахаар болжээ.
Ахмадын багийн харваанд тэргүүлбэл алтан медаль, өргөмжлөл, 24, дээд байр эзэлбэл мөнгөн медаль, өргөмжлөл, 20, III байрт шалгарвал хүрэл медаль, өргөмжлөл, 16 сая, IV байрт орвол өргөмжлөл, 12 сая төгрөгөөр шагнуулах аж.
Өсвөрийн багийн харваанд оролцсон багуудаас тэргүүн байрт шалгарвал алтан медаль, өргөмжлөл, 12, II байр эзэлбэл мөнгөн медаль, өргөмжлөл, 10, III байрт орвол хүрэл медаль, өргөмжлөл, найман, V байрт жагсвал өргөмжлөл, зургаан сая төгрөгөөр шагнах аж.