Энэ оны эхний таван сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 104 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 31.6 хувиар өссөн үзүүлэлт болохыг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Тодруулбал, эл хэрэгт холбогдуулан 193 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Тэдний олонх буюу 55 хувь нь 18-30, 38 хувь нь 31-44 насныхан байгаа бол 20 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн тоо жил ирэх бүр ихсэх хандлагатай байгааг албаныхан хэлж байна. Ийм гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн олонх нь залуус, тэр дундаа өсвөр насныхан, оюутнууд сонирхох, эсвэл ашиг олох сэдлээр хэрэглэх тохиолдол бүртгэгдэж буйг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.
Ташрамд, прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, шийдвэрлэсэн байдал, үйлдсэн шалтгаан, нөхцөл, ял шийтгэлийн талаар сүүлийн таван жилээр судалж, тагнуулын байгууллага, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албатай хамтран зөвлөмж гаргасан байна.
Ч.Болор