ХХААХҮЯ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг өчигдөр эхлүүллээ. Төрөөс малын гаралтай түүхий эдийн боловсруулах түвшинг нэмэгдүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, бүтээгдэхүүнийг гүн боловсруулан, нэмүү өртөг шингээн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг бий болгоход анхаарч буй. Энэ хүрээнд улс даяар бүсийн төвүүдэд малын түүхий эд, арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтвортой тогтолцоог бий болгох, боловсруулах үйлдвэр технологийн парк байгуулах, арьс, шир, ноос, ноолуурыг гүн боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихэд анхаарч байгааг уулзалтын үеэр онцоллоо.
Монголд жилд хонины 30 мянган тонн ноос, 8.3 мянган тонн ноолуур, 18 сая гаруй ширхэг арьс, шир бэлтгэх нөөцтэй аж. Тиймээс энэхүү баялгийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр гэдгийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж дурдав. Тэрбээр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн үйлдвэрүүдийг дэмжих төдий бус, малчин, хоршоо, түүхий эд бэлтгэгч, орон нутгийн байгууллага, боловсруулах үйлдвэрүүдийг нэг хэлхээнд холбосон үндэсний хэмжээний хөгжлийн хөдөлгөөн болохыг тодотгосон юм.
С.Дулам