Шинэ Засгийн газар хаврын сүүл сараас эхлэн өвөлдөө бэлтгэнэ, эрчим хүчний салбарт онцгой анхаарна гэдгээ зарласан. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал томилогдсоныхоо дараахан Эрчим хүчний сайд Б.Найдалаагаа дагуулан “ДЦС-IV” ТӨХК-д ажилласан юм. Өнгөрсөн өвөл нийслэлчүүд идэр есийн хүйтнээр цахилгаан, дулаанаа ээлжлэн хязгаарлуулж, үүнээс үүдэн багагүй хохирол амссан. Ийм явдал давтагдуулахгүйн төлөө ажиллахыг Ерөнхий сайд салбарын сайддаа үүрэгдээд буй юм. Харин Б.Найдалаа энэ бүхнийг хийж барах, эсэх нь эргэлзээтэй. Эрчим хүч бол түүний хувьд “хөндлөн” гэж болохоор салбар юм. Ямартай ч сайд эрхбиш ажилтайгаа танилцаж дууссан байх. Тэгээд хаяагаа манаж эхлэв. “Ирэх өвөл хүнд болно. Цахилгааны эх үүсвэр дутна” гэлээ.
Цахилгааны үнийг үе шаттай нэмнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл сайд нь “Үнэ нэмнэ гэж шууд битгий ярь. Зохистой түвшинд тогтвортой байлгана” гэжээ. Салбарын сайд нь асуудлыг шийдэж, бодит үр дүн харуулахын оронд иргэдийг сэтгэл зүйгээ бэлд, хараагүй, сонсоогүй, мэдрээгүй мэт бай гэж ухуулах ёсгүй.
2029 ГЭХЭД “ИД ШИД” БОЛОХ УУ
Эрчим хүчний салбарт асуудал бугшсан нь эрх баригчдын буруу бодлогын уршиг юм. Тэд иргэдэд таалагдахын тулд үнийг хүчээр барьсаар ирсэн. Үүнээс үүдэн эдүгээ 729 тэрбум төгрөгийн өр хуримтлагджээ. Хэдэн станцынх нь тоног төхөөрөмж хэдийн элэгдсэн, одоо засаж, цойлдоход ч амаргүй болоод буй.
Монгол Улсын төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70, Улаанбаатарын дулааны хэрэглээний 60 хувийг дангаар хангадаг “ДЦС-IV” найман зуухтай. Үүний долоон турбиныг 1983 онд суурилуулсан, 43 “настай” аж. Өнгөрсөн өвөл эдгээрийн нэгэнд гэмтэл гарч, бид цахилгаан, дулаангүй зутарч, “нөхөх” хүртэл нь дахин сар орчим хязгаарлалтад өртсөн юм даг. Ийм насжилттай тоног төхөөрөмжийн байдал ямар байхыг, хэзээ таг зогсохыг үе үеийн Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нь мэдэж байсан ч арга хэмжээ аваагүйгээс болж дээрх эрсдэлтэй тулсан. Нүүрсний хулгай, “ногоон автобусны хэрэг” гээд хэдэн их наядаар нь “идээд” байдаг атлаа гол ачааллыг нугалж яваа станцуудынхаа тоног төхөөрөмжийг шинэчлэх сэтгэл дутжээ.
Эдүгээ бодит байдал ямар байна вэ. “ДЦСIV” компани нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117, нэг гигакалори дулааныг 40 800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4 283 төгрөгөөр борлуулдаг юм байна. 2025 онд тус байгууллага цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааныхаас 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Тус станцын найман зуухыг засаж, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Үүнд 504.4 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Мөн ашиглалтын хугацаа дууссан, элэгдсэн төхөөрөмжийг нөхөөд ч удаан аргалахад хэцүү. Тиймээс 500 тн уур үйлдвэрлэх хүчин чадалтай ес дэх зуухыг шинээр барих шаардлагатай, үүнд 90.5 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Засварын төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, шинээр барих зуухны мөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн зуух барих ажлыг энэ онд эхлүүлэх гэнэ. Бас тус салбарт хуримтлагдсан хур өрийг 2026-2028 онд үе шаттайгаар барагдуулж, 2029 оноос улсын төсвөөс татаас авдаггүй болгоно гэж амласан. Тус салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан юм байна. 2021 онд эрчим хүчний салбарт 38 тэрбум төгрөгийн татаас өгч байсан нь нэмэгдсээр ирсэн аж. Гэвч бодлого, тогтолцоо нь буруу байхад төсвийг нэмж, илүү татаас олгоод бүтэхгүй гэдгийг бид харж байна. Тэгэхээр эрчим хүчний компаниудын өрийг шийдэхийн тулд цахилгаан, дулааны үнийг нэмэх аж. Олон жил хүчээр барьсан үнийг чөлөөлж, бодит өртөгт хүргэнэ. Тэр хэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэх нь тодорхой. Ерөнхий сайд “Үнийг үе шаттайгаар, иргэдэд ачаалал үүсгэхгүйгээр нэмнэ” гэсэн. Харин салбарын сайд нь “Үүнийг мэдрэхгүй байхад сэтгэл зүйгээ бэлд” гэсэн агуулгатай тайлбар хэлээд буй. Хоёр жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цахилгааны үнийг огцом нэмсэн, үүний дарамтаас иргэд одоо ч гараагүй хэвээр яваа. Гэтэл ирэх 2-3 жилийн дотор өр барагдуулах ажилд бид мөн л “дайчлагдах” нь.
Олон жил дуншсан “ДЦС-V” төслийг эхлүүлэхээр талбайг нь чөлөөлж эхэлсэн. “ДЦС-II”-ын дэргэд 26 га талбайд барих юм билээ. 30 гаруй жилийн өмнөөс ярьсан ч хэрэгжүүлээгүй байгаа уг төслийг одоо ажил болно гэж итгэхэд хэцүүхэн байна. Мөн энэ онд Сэлэнгэд хувийн хөрөнгөөр барьж буй 70 МВт цахилгаан станцыг долоодугаар, БНХАУ-аас эрчим хүч импортлох 80 МВт-ын хүчин чадалтай дэд станцыг энэ сард багтаан ашиглалтад оруулах аж. Түүнчлэн таван аймагт 50 МВт-ын нарны станц барих ажлыг ирэх сараас эхлүүлж, аравдугаар сард дуусгах гэнэ. Батарей хураагуур ч барих нь. Н.Учралын Засгийн газар эрчим хүчний салбарт гал алдахгүйн тулд эдгээр ажлыг богино хугацаанд зохион байгуулна гэж мэдэгдсэн. Гэхдээ мэргэжлийн хүмүүс цаг хугацааны хувьд арай өөр “тооцоо” хийж байна.
“ДЦС-IV”-ийн найман зуухыг нэг дор зогсоож, их засвар хийх боломжгүй. Тэгвэл хотод тэр чигтээ шахам цахилгаан, дулаан тасалдана. Мөн тендер зарлана, шалгаруулна, үнэлнэ. Ингээд ажил нь эхлэхийн тулд л 5-6 сарын хугацаа орох нь. Ээлжилж засаад ч гурван жилд амжихгүй. Бас Сэлэнгэд барьж буй станцыг тавдугаар сард ашиглалтад оруулна гэж байснаа хоёр сараар хойшлуулжээ. Энэ мэтээр тэдний “мөрөөдсөн” ажлууд бодит амьдралд хэчнээн сар, жилээр сунжрах эрсдэл бас бий. Тэгэхээр 2029 он гэхэд иргэд энэ салбарын өрийг амжилттай төлөлцөж дуусаад, улсаас татаас авахаа больж, бидний нурууг амраах “ид шид” болох нь ч эргэлзээтэй юм. Тэгээд ч ирэх гурван жилийн хоёрт нь сонгууль таарч байна. Ирэх онд Ерөнхийлөгчийн, 2028 онд УИХ-ын сонгууль болно. Санал авахын тулд эрх баригчид ажил хийсэн харагдах байх. Иргэдэд таалагдахын тулд тэгэхээс аргагүй. Харин сонгуулиуд өнгөрөхөд хувь заяанд нь даатгаад орхиж чадах л эрх баригчид шүү дээ.
“ЕРӨНХИЙ САЙД МЭДНЭ”
Гоё төлөвлөгөөтэй ч бодит хэрэгжилт нь бүрхэг дээрх ажлыг хариуцаж хийх учиртай Эрчим хүчний сайд Б.Найдалаад найдаж бас чадахгүй нь. Өнгөрсөн хоёр сард эл сайдын ярилцлага, мэдэгдлүүдээс “Ерөнхий сайд тэгж санаачилсан, Засгийн газар дэмжинэ, надад үүрэг өгсөн” гэсэн үгс түлхүү сонсогдож байна лээ. Өөрт нь бол санаачилсан ажил алга бололтой. Дээрээс авсан чиглэлийнхээ дагуу хийх ажлаа ямартай ч тодорхойлжээ. “Нэг бодлого, гурван зарчим, есөн ажил” хийх юм байна. Өөрт нь бол мэдэх юм хомсхон байгаа биз ээ. Тэр бол банкны салбарт ажиллаж явсан эдийн засагч болохоос төрийн ажлын ямар ч туршлагагүй нэгэн. Тиймээс Ерөнхий сайд нь мэдэхээс яах билээ.
Б.Найдалаа Г.Занданшатарын Засгийн газарт эл албан тушаалд “хоолонд орох” гэж байтал Ерөнхий сайд нь огцорчихсон юм. Тэгсэн ч дараагийн Засгийн газарт сайдын суудалд морилж чадсан. Сайдтан яг сарын өмнө хэвлэлд мэдээлэл хийхдээ “Бодит үнэнийг эртхэн хэлэх ёстой байх. Ирэх өвөл хамгийн хүнд болно” гэв. Үнэнийг хэлбэл мундаг улс төрч харагдана гэж ойлгодог бололтой. Нөхцөл байдал хүндхэн байгааг иргэд бид мэдэж байна. Биеэрээ, амьдрал дээр байнга мэдэрч буй. Эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр 7-8 хувиар өсөж буй юм билээ.
Ирэх өвлийн оргил ачааллын үеэр цахилгаан 150 МВт, энэ онд 89 МВт чадал дутагдана. Хэд хэдэн жижиг станц ашиглалтад оруулж, ОХУаас аваад ч хүрэлцэхгүй гэж сайд нь мэдэгдлээ. Дотоодод 2266 МВт цахилгаан, 1023 Гкал/цаг дулааны хэрэгцээ бий. Харин Б.Найдалаа “Үүнийг яаж хангахаа мэдэхгүй байна” гэжээ. Уг асуудлыг яаж шийдвэл өвлийг эвтэйхэн давж болох зөв бодлого боловсруулж, арга зам ол, мэд, чад гэж түүнийг сайдаар томилсон биш үү. Гэтэл ийнхүү гоншигнож суух. Албан тушаал, эрх ямба сайхан байх. Үүнийг ажил үүрэг, хариуцлага дагадгийг л мартах учиргүй. Чадна, барна гээд л Эрчим хүчний сайдын суудал руу тэмүүлсэн байлгүй дээ. Тэгээд одоо чадахаа харуул. Үгүй бол үнэнээ эртхэн хэлээд чаддаг хүнд нь зайгаа тавьж өг. Зовлон тоочиж, бодит байдлыг “шулуухан” хэлэхийг хэн ч чадна. Ажиллаж, арга хэмжээ авч, “мөрөөдлийн жагсаалт” батлах биш, бодит ажил болгох сайд бидэнд хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өмнөх сайд Б.Чойжилсүрэн шиг бусдаас бурууг хайж, хий эргэсээр суудлаасаа буух болно.