Үндэсний их баяр наадам хаяанд ирж, хүмүүс амралт зугаалгын бэлтгэлээ хангаж буй энэ өдрүүдэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ түүхэнд байгаагүйгээр өслөө. Үндэсний статистикийн хорооноос гаргасан, сүүлийн дөрвөн жилийн зургаадугаар сарын эхэн үеийн гол нэрийн зарим барааны үнийг харьцуулан хүргэе.
Монголчуудын гол хэрэглээ болсон махны жижиглэнгийн үнийг дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал даруй 1.6 дахин өсжээ. Тухайлбал, 2023 оны зургаадугаар сард 16 678, 2024 онд 16 711, 2025 онд 17 163 төгрөгийн дундаж ханштай байсан хонины ястай махны үнэ энэ сарын 8-ны байдлаар 27 763-т хүрч, өмнөх оны мөн үеэс кг тутамдаа даруй 10 600-гаар буюу 61.8 хувиар нэмэгдсэн байна. Үхрийн ястай махны ханш дөрвөн жилийн өмнө 20 209 төгрөг байснаа өдгөө дунджаар 33 883 болжээ. Харин үхрийн цул махны үнэ 38 209 төгрөгийг давж, өмнөх оны мөн үеэс 63.7 хувиар нэмэгдсэн аж.
Сүүлийн гурван жилд 2100-2600 төгрөг хүртэл тогтвортой өсөж байсан “Атар” талх 2916 болж, 3000-ын босгонд тулав. Түүнчлэн 2023, 2024 оны зургаадугаар сард 2800 орчим төгрөгөөр борлуулж байсан байцайны үнэ 2025 оны мөн үед 4391, өдгөө 5181-д хүрчээ. Өнгөрсөн жил 1504 төгрөгийн дундаж үнэтэй байсан төмсний ханш энэ жил хоёр дахин өсөж 3101 болов.
Сүүлийн гурван жилийн статистикаас үзэхэд наадмын дараа жижиглэнгийн барааны эрэлт түр саардгийн дээр дотоодод шинэ ургацын ногоо гарч эхэлснээр хүнсний бүтээгдэхүүний ханш үл ялиг буурдаг.
Б.Ариунжаргал