Д.ГАН-ОЧИР, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc.), Дэд профессор
Сергей Гуриев болон Даниел Трейсман нарын 2019 онд “Journal of Economic perspectives” сэтгүүлд хэвлүүлсэн “Informational autocrats” судалгааны өгүүллийн агуулгыг хуваалцаж байна. Энэ нь XXI зууны авторитар дэглэмүүд яагаад өмнөх үеийн ил тод дарангуйллаас өөр хэлбэртэй болсон, орчин үеийн автократууд яагаад айдас, хүчирхийллээс илүү мэдээлэл, имиж, олон нийтийн ойлголтыг удирдах чадварт түшиглэх болсон талаар тайлбарласан.
Өнөөдөр улс төрд нэг өөрчлөлт ажиглагдаж байна. XX зууны дарангуйлагчдыг ихэвчлэн шорон, хэлмэгдүүлэлт, цагдаа, ил тод цензуртай холбож ойлгодог байсан бол шинэ үеийн авторитар удирдагчид илүү “зөөлөн”, орчин үеийн дүр төрхтэй болсон. Зарим нь бүр сонгуулиар гарч ирдэг. Хэвлэл мэдээлэл ч эрх чөлөөтэй байгаа мэт харагдана. Интернэт ч бүрэн хаалттай биш. Гэвч энэ бүхний цаана бодит улс төрийн өрсөлдөөн, шүүмжлэл, хараат бус мэдээллийн орон зай аажмаар хумигдсаар байдаг.
XX зууны дарангуйлагчдын засаглалын гол тулгуур нь айдас байв. Иргэдээ айлган сүрдүүлэх, өрсөлдөгчдөө устгах, олон нийтийн өмнө хүчирхийллээ зориуд харуулах нь засаглах технологийн нэг хэсэг байсан. Хүмүүс зөвхөн төрөөс айгаад зогсохгүй, айдсаа өдөр бүр мэдэрч байх ёстой гэж үздэг байжээ.
Тухайн үеийн дарангуйлал зөвхөн улс төрийн өрсөлдөгчөө дарах тухай асуудал байгаагүй. Харин хүмүүсийн бодол санаа, үнэт зүйл, амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчлөхийг оролддог байв. Коммунизм, фашизм зэрэг томоохон үзэл суртал нь иргэдийн амьдралын бүхий л хүрээнд нэвтрэхийг зорьдог. Төр зөвхөн хүмүүсийн үйлдлийг биш, харин юу бодох ёстойг нь хүртэл заадаг байлаа.
Харин XXI зуунд нөхцөл байдал өөрчлөгджээ. Орчин үеийн авторитар удирдагчид өмнөх үеийнх шигээ олон сая хүнийг хорих лагерьт хийхгүйгээр, хилээ бүрэн хаахгүйгээр, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглохгүйгээр эрх мэдлээ хадгалж чаддаг болсон. Тэд ард чиллын зарим хэлбэрийг зориуд хадгалдаг. Сонгууль явуулна. Парламент байна. Сөрөг хүчин ч байгаа мэт харагдана. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүмжлэх жишээтэй. Гэвч бодит эрх мэдлийн тэнцвэр аажмаар алдагдаж, төрийн институтүүд нэг хүний, эсвэл нэг бүлгийн хяналт руу орсоор байдаг.
Гуриев болон Трейсман нарын тайлбарласнаар энэ шинэ загварын дарангуйллын гол онцлог нь айдас биш, харин мэдээллийн манипуляц юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг өдөр бүр сүрдүүлж захирахын оронд “би (бид) бол хамгийн чадвартай удирдагчид”, “би (бид) л улс орныг тогтвортой авч явж чадна”, “намайг (биднийг) орлох хүн байхгүй” гэдэг ойлголтыг олон нийтийн дунд бий болгох нь гол зорилго ажээ.
Энэ нь маш чухал ялгаа юм. Өмнөх үеийн тоталитар дэглэмүүд иргэдийг өөрсдийн үзэл сурталд чин үнэнч болгохыг хүсдэг байсан бол орчин үеийн мэдээллээр зэвсэглэсэн автократууд тийм өндөр зорилго тавьдаггүй. Тэд хүмүүсийг заавал өөрсдөдөө хайртай болгох албагүй. Харин өөр хувилбар, сонголт байхгүй мэт сэтгэгдэл төрүүлэхэд л хангалттай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, “төгс удирдагч” биш ч “хамгийн боломжит хувилбар” мэт харагдахыг хичээдэг гэсэн үг.
ЭРХ МЭДЛИЙН ЦААДАХ ЛОГИК: МЭДЭЭЛЛИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ
Мэдээллээр зэвсэглэсэн автократууд хэрхэн эрх мэдэлд хүрч, түүнийгээ яаж хадгалдаг вэ гэсэн асуулт сонирхол татна. Үндсэн логик нь мэдээллийн тэгш бус байдал буюу асимметрик мэдээлэл бүхий улс төрийн тоглоом дээр суурилдаг.
Энэ загварт тухайн удирдагч нь үнэхээр төрийг үр ашигтай удирдах чадвартай, эсвэл чадваргүй байж болно. Гэвч олон нийт энэ ур чадварыг шууд ажиглах боломжгүй. Харин нийгмийн харьцангуй бага хэсгийг бүрдүүлдэг сэтгүүлчид, судлаачид, бизнесийн бүлгүүд, төрийн өндөр албан тушаалтан зэрэг “мэдээлэлтэй элитүүд” бодит нөхцөл байдлыг илүү сайн харж чаддаг.
Элитүүд ч, жирийн иргэд ч угтаа чадварлаг удирдагчийг илүүд үздэг. Учир нь чадварлаг удирдагч л эдийн засгийг өсгөж, иргэдийн амьжиргааг сайжруулж чадна. Харин удирдагч бодит байдал дээр чадваргүй болох нь тодорхой болбол иргэдийн дэмжлэг буурч, улс төрийн эсэргүүцэл нэмэгдэн, эцэстээ эрх мэдлээ алдах эрсдэл үүсдэг.
Ийм нөхцөлд мэдээлэлтэй элитүүд удирдагчийн алдаа дутагдал, авлига, бодлогын бүтэлгүйтлийн талаар олон нийтэд мэдээлэл түгээж чадвал иргэд тухайн дэглэмийн бодит чанарыг илүү сайн дүгнэх боломжтой болно. Тиймээс мэдээллээр зэвсэглэсэн автократын хамгийн том сорилт нь сөрөг хүчин төдий биш, харин бодит мэдээллийг олон нийтэд хүргэж чадах бие даасан элитүүд байдаг.
Иймээс эрх баригчид мэдээллийн урсгалыг хянахыг эрмэлздэг. Зарим тохиолдолд цензур хэрэглэнэ. Мөн зарим үед хэвлэл мэдээллийг төрд ойр бизнесийн бүлгүүдээр дамжуулан хяналтдаа авна. Эсвэл нөлөө бүхий сэтгүүлчид, шинжээчид, бизнесийн бүлгүүдийг албан тушаал, гэрээ, бизнесийн боломж, давуу эрхээр “худалдаж авах” замаар дуугүй болгохыг оролддог. Өөрөөр хэлбэл, зорилго нь хүмүүсийг бүгдийг нь үнэмшүүлэх биш, харин бодит мэдээлэл олон нийтэд хүрэх сувгийг хязгаарлах явдал юм.
Гэвч энэ бүхэн үнэ төлбөргүй биш. Цензур, суртал ухуулга, мэдээллийн хяналтыг ажиллуулахад асар их нөөц, хөрөнгө шаарддаг. Илүү чухал нь удирдагч бодит асуудлыг шийдэхийн оронд мэдээллийг удирдахад анхаарах тусам эдийн засгийн үр ашиг буурч, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломж хумигдаж эхэлдэг.
Ийм нөхцөлд муу үр дүнгийн шалтгааныг өөрөөсөө холдуулах хэрэгцээ бий болдог. Эдийн засгийн өсөлт саарах, инфляц нэмэгдэх, ажилгүйдэл өсөх зэрэг асуудлыг ихэвчлэн гадаад хүчин зүйл, олон улсын зах зээл, геополитикийн нөхцөл байдал, эсвэл дотоодын “дайснууд”тай холбон тайлбарладаг. Харин эерэг үр дүнг өөрийн удирдлагын амжилт болгон харуулна. Иймээс орчин үеийн авторитар дэглэмийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь зөвхөн цензур биш, харин иргэд бодит байдлыг хэрхэн ойлгохыг чиглүүлэх суртал ухуулга байдаг.
Орчин үеийн автократын хамгийн том зорилго нь хүмүүсийг худал зүйлд итгүүлэхдээ биш, харин өөрийн чадваргүй байдлыг олон нийтэд мэдэгдэхгүй байх явдал юм. Эндээс өнөө цагийн улс төрийн хамгийн чухал тулаан хаана өрнөж байгааг ойлгож болно. Энэ тулаан парламентын танхимд бус, гудамжинд ч биш, харин хүмүүсийн анхаарал, ойлголт, мэдээллийн орон зай дотор өрнөж байна. Хэн мэдээллийг тайлбарлаж байна вэ. Хэн асуудлын буруутныг тодорхойлж байна вэ. Хэн өөрийгөө “аврагч” болгон харуулж байна вэ гэдэг нь хамгийн чухал болжээ.
БОЛОВСРОЛ ХАМГИЙН ЧУХАЛ
Орчин үеийн цензур ч өмнөхөөсөө эрс өөр болсон. Урьд цагт цензур гэдэг нь сонин хэвлэлийг хаах, ном шатаах, телевизийн сувгийг хориглох, сэтгүүлч баривчлахыг хэлдэг байсан. Харин өнөөдөр цензур илүү далд, илүү боловсронгуй хэлбэртэй болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрд ойр бизнесменүүд худалдаж авах, шүүмжлэгчдийг татварын шалгалтаар дарамтлах, цахим ор чинд төөрөгдүүлсэн мэдээлэл тараах, эсвэл маш олон мэдээллийн дунд үнэнийг “живүүлэх” зэрэг арга илүү түгээмэл болсон байна.
Хамгийн сонирхолтой нь, ийм нөхцөлд хүмүүс өөрсдийгөө цензурт өртөж байгаагаа тэр бүр мэдэрдэггүй. Тэд интернэт ашиглаж байна, сошиал ор чинд үзэл бодлоо илэрхийлж байна, янз бүрийн мэдээлэл уншиж байна гэж боддог. Гэвч бодит байдал дээр тэдний харж буй мэдээллийн хүрээ аль хэдийн тодорхой хэмжээнд “удирдагдсан” байдаг.
Энэ бол мэдээллээр зэвсэглэсэн автократын хамгийн чухал шинж юм. Хүмүүсийг хүчээр дуугүй болгохоос илүүтэйгээр юуг харах, юуг чухал гэж бодох, юунд уурлах, юунд итгэх вэ гэдгийг аажмаар удирддаг.
Энд боловсрол асар чухал үүрэгтэй. Судалгаагаар ардчилсан орнуудад өндөр боловсролтой хүмүүс Засгийн газартаа илүү итгэх тохиолдол түгээмэл байдаг бол авторитар хэв маягтай орнуудад эсрэг дүр зураг ажиглагддаг байна. Өндөр боловсролтой хүмүүс цензур, мэдээллийн манипуляцыг илүү хурдан анзаарч, төрийн суртал ухуулгад бага өртдөг. Тиймээс эдийн засгийн хөгжил, боловсролын өсөлт нь урт хугацаандаа авторитар дэглэмүүдэд эрсдэл авчирч эхэлдэг.
Энд маш сонирхолтой парадокс бий. Орчин үеийн автократууд эдийн засгийн өсөлтийг зайлшгүй дэмжих шаардлагатай байдаг. Учир нь тэдний легитим чанар эдийн засгийн үзүүлэлттэй шууд холбоотой. “Бид эдийн засгийг өсгөж байна”, “Бид тогтвортой байдлыг хадгалж байна”, “Бид төрийн үйлчилгээг сайжруулж чадлаа” гэдэг нь тэдний гол улс төрийн мессеж байдаг.
Гэхдээ эдийн засгийн өсөлт өөрөө урт хугацаандаа тэдэнд аюул авчирдаг. Эдийн засаг хөгжих тусам боловсролтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ, дундаж давхарга өргөжинө, хүмүүс илүү их мэдээлэл шаардана, гадаад ертөнцтэй холбогдоно, улмаар мэдээллийн цензурын өртөг өснө. Өөрөөр хэлбэл, амжилт нь өөрөө тухайн дэглэмийн тогтвортой байдлыг сулруулж эхэлдэг гэсэн үг. Тиймээс өнөөдөр авторитар дэглэмүүдийн гол зорилго нь хүмүүсийг айлгах биш, харин хүмүүсийн анхаарлыг удирдах болсон байна. Хүмүүс юунд итгэх вэ. Юуг хамгийн том асуудал гэж харах вэ. Хэнийг буруутгах вэ гэдгийг тодорхойлох нь орчин үеийн эрх мэдлийн хамгийн чухал хэрэгсэл болжээ.
Нийгмийн сүлжээ, шинэ технологи энэ үйл явцыг улам хүчтэй болгосон. Интернэт нэг талаас мэдээллийг чөлөөтэй түгээх боломж олгосон ч, нөгөө талдаа төрд иргэдийн мэдээллийн хэрэглээ, сэтгэл зүй, хандлагыг урьд өмнөхөөс илүү нарийн ажиглах боломж өгсөн. Иймээс өнөөдөр мэдээллийн дайн зөвхөн телевизээр явахаа больж, алгоритм, сошиал орчин, хүний анхаарлыг удирдах өрсөлдөөн болж хувирсан.
Энд нэг чухал асуулт гарч ирнэ. Ардчилал гэдэг зөвхөн сонгууль явуулахыг хэлэх үү. Эсвэл хүмүүс бодитой, хараат бус мэдээлэл авах боломжтой байх нь илүү чухал уу. Учир нь мэдээлэлгүй хүн бодит сонголт хийх боломжгүй. Хүмүүс бүх үнэнийг мэдэхгүй бол тэдний улс төрийн сонголт ч хязгаарлагдана. Энэ утгаараа орчин үеийн авторитаризмын хамгийн хүчтэй зэвсэг нь танк бус, шорон ч биш, харин хүмүүсийн ойлголт, анхаарал, мэдээллийн урсгалыг удирдах чадвар юм.
Магадгүй XXI зууны хамгийн аюултай цензур бол хүмүүс цензур явагдаж байгааг өөрсдөө анзаарахаа больсон явдал биз.