Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болсныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дэмжжээ. Тухайлбал, агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал болон орон сууцжуулалт, замын хөгжлийн, эрчим хүчний, төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч гэсэн таван ажлын байр бий болгох гэнэ.
Хотын мега төслүүдийг удирдах зохицуулагчаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ажиллах талаар зарим эх сурвалж мэдээлж буй. Тухайлбал, агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар А.Амартүвшин, орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагчаар Н.Мандуул, замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагчаар Л.Ариунтуяа, эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагчаар Г.Батзориг, төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагчаар Б.Сэмжидмаа нар тус тус ажиллах гэнэ. Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, ажил бүрийг эзэнтэй болгох, цаг хугацаанд нь гүйцэтгэх, олон нийтийн саналыг тусгах үүргийг зохицуулагч нар хүлээх аж.
Ч.Туяа