2025 оны Дэлхийн усны өдрийг “Мөстлийн хайлсан усыг хуримтлуулж, нөөцөлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх болсныг НҮБ-аас зарлалаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд мөстөл, мөсөн голууд эрчимтэй хайлж буй. Сүүлийн 70 жилийн хугацаанд дэлхий дээрх нийт мөстөл, мөсөн голын талбай 30 орчим хувиар буурсан гэсэн тооцоо бий. Тэгвэл эл асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, мөстлийн хайлсан усыг хуримтлуулах, урсцын тохиргоо хийх, хөв цөөрөм байгуулах замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохыг уриалах нь өнөө жилийн зорилго гэнэ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнхэр тууз” аяныг хоёр дахь жилдээ өрнүүлж эхэлжээ. Үүний хүрээнд усны үнэ цэн, ач холбогдол, зохистой хэрэглээг хүүхэд, залууст ойлгуулах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, нийслэлийн 95 дугаар цэцэрлэгээс эхлүүлсэн байна. Усны газрын мэргэжилтнүүд ахлах, бэлтгэл бүлгийн 130 суралцагч, 22 багшид “Усаа хайрлая, хамгаалъя, хэмнэе” сэдэвт сургалт оржээ.
Ж.Сувд