Усны нөөцийг хэмнэж, хуримтлуулж, үр ашигтай зарцуулдаг болох, хөв цөөрөм байгуулах талаар яриад удаж буй ч төр засгаас энэ чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлж, дорвитой ажил хийсэн нь үгүй. Аж ахуйн нэгж, байгууллагууд зэрлэг амьтдыг усаар хангах зорилгоор, нийгмийн хариуцлагын хүрээнд говийн бүсэд хөв цөөрөм байгуулсан талаар л дуулддаг байв. Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас өнгөрсөн жил “Нэг сум-нэг нуур” санаачилга гаргаж, улсын хэмжээнд хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлсэн юм. Нийслэлд гэхэд цас, бороо, үерийн ус хуримтлуулах, урсцын тохируулга хийх зорилготой хөв цөөрмийг 14 байршилд байгуулахаар тогтоод буй. Тэгвэл Усны газрынхан орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөж, хиймэл дагуулын зурагт үндэслэн судалгааны хийсний дүнд хөв цөөрөм байгуулах боломжтой 318 цэгийг тогтоосноо мэдээллээ. Үүний 42-ыг нь баруун бүсэд энэ онд багтаан байгуулах гэнэ. Ууршилт ихтэй бүс дэх хөв цөөрөмд хуримтлагдсан усыг газрын доорх уст давхарга руу шүүрүүлэх туршилтын ажлыг ч өнөө жил хийхээр төлөвлөжээ. Ийм аргаар гүний усны нөөцийг хамгаалах ажлыг өмнө нь Багануур дүүрэгт туршсан нь амжилттай болжээ.
Н.Мишээл