Ховд, Говь-Алтай аймагт өвөлжилт хүндэрснээс монгол бөхөн хорогдож эхэлснийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ. Иймд байгаль хамгаалагчид орон нутгийн иргэд, төрийн байгууллага, төсөв, хөтөлбөрийнхөнтэй хамтран нэн ховор амьтны тархац нутагт өвс, тэжээл хүргэх, хорогдлыг нь тогтоох, экологийн ач холбогдлыг нь сурталчлан таниулах ажлуудыг хийж буй гэнэ.
Говь-Алтай аймгийн Төгрөг сумд одоогоор 43 бодгаль бөхөн хорогдоод байгааг эко клубийн сурагчид тогтоожээ. Бөхөн бүхий бусад сумын хүүхдүүд ч амралт, ажлаар хөдөө явахдаа ажиглалт, судалгаа хийж, хорогдсон амьтантай таарвал түүнийгээ баталгаажуулан, олон улсын байгууллагынханд болон байгаль хамгаалагчдад мэдээлж байгаа аж. Хорогдсон бөхөнгийн олонх нь айлын гэр, хот, бэлчээрийн ойролцоо, 200 метрээс гурван км хүртэлх зайд буйг сурагчид ажиглажээ. Энэ нь монгол бөхөнгийн тархац нутаг малын бэлчээрт шахагдаж, амьдрах орчин нь хязгаарлагдсаны илрэл хэмээн орон нутгийн иргэд үзэж байна. Өвөл, хаврын хахир цагт өвс, тэжээлийн хүрэлцээ муудаж, зэрлэг амьтад харангадаж үхэх болсон нь ч бэлчээрийн давхцал, доройтолтой холбоотой гэж үзэж буй.
Н.Мишээл