ОУХМ Н.Уртнасан агсны нэрэмжит “Мөнгөн шонхор мастер кросс” авто машины бартаат замын уралдааныг Дорноговь аймгийн Сайншанд сумд жил бүр зохион байгуулдаг. Тус уралдаанд тоос өргөсөн УАЗ ангиллын акулуудаас 35 дугаартай Х.Улам- Өрнөх түрүүлж, 50 дугаартай Э.Батнайрамдал удаалан, 68 дугаартай Ш.Гомбодорж хүрэл медаль хүртлээ. Тэдний араас нэхсэн тамирчдаас гурав дугаартай Ц.Дашням IV, зургаа дугаартай Б.Наранбаатар V байр эзлэв. Дээрх тэмцээнд алгасалгүй идэвхтэй оролцдог тамирчдад ивээн тэтгэгчийн шагнал олгодог аж. Энэ удаа 135 дугаартай Ж.Болдбаяр уг шагналын эзэн болжээ. Алдарт тамирчин Н.Уртнасан агсныг авто спортынхон “Мөнгөн Уртаа” хэмээдэг. Тэрбээр олон уралдаанд оролцохдоо тэргүүн байрын төлөө өрсөлдөж, мөнгөн медаль хүртдэг байв. Түүний эл спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гаргасан амжилт “Мөнгөн Уртаа” хэмээн олонд алдаршихад нөлөөлсөн гэдэг. Мөнгөн медалийнхаа тоогоор авто, мото спортынхныг тэргүүлдэг байсан түүний амжилтыг санан дурсаж, ээж Н.Норжинлхам нь уралдаанд дэд байр эзэлсэн тамирчинд мөнгөн медаль гардуулдаг уламжлалтай. Энэ хүндтэй шагналыг “Мөнгөн шонхор клуб”-ийнхнээс Д.Мөнхтөр хүртлээ.