Ойн хортон шавжтай тэмцэх ажлыг өчигдрөөс нийслэлийн ногоон бүсэд эхлүүлснийг Ойн газраас мэдээлэв. Энэ онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 2000 га талбайд хөнөөлт шавж устгах ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар хяналт тавьж буй бол гүйцэтгэгчээр “Гранд форест”, “Томас эйр”, “Шим” зэрэг компани ажиллаж байна.
Нийслэлийн Байгаль орчны газрынхан ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсэд 2023, 2024 онд хөнөөлт шавжийн болон өвчний тархалтын судалгаа хийгээд Баянзүрх, Багануур, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойн санд Сибирийн хүр, Якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч эрвээхэй голомтлон үүрлэснийг тогтоосон юм. Судалгааны үр дүнд үндэслэн өнгөрсөн онд 10 мянган га газарт хөнөөлт шавж устгах ажил зохион байгуулсан бол энэ жил үүнээс хоёр дахин бага талбайд гүйцэтгэх нь.
Ж.Сувд