Дэлхий дахинд жилд дунджаар 100 сая гектар буюу секунд тутамд хөл бөмбөгийн дөрвөн талбайтай тэнцэхүйц хэмжээний газар доройтож, байгалийн унаган хэв шинжээ алдаж байгааг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцоос мэдээлэв. Иймд зургаадугаар сарын 17-нд тохиодог Олон улсын ган, цөлжилттэй тэмцэх өдрийг илүү утга учиртай, ач холбогдолтойгоор тэмдэглэн өнгөрүүлэх, хөрсний дегредаци буюу элэгдэл, доройтлын хор уршгийг хүн төрөлхтөнд бодитоор ойлгуулахад анхаарах шаардлагатайг тус конвенцоос улс орнуудад зөвлөлөө. Энэ ч үүднээсээ өчигдөр тохиосон 31 дэх удаагийн тэмдэглэлт өдрөөр “Хөрсөө сэргээ, боломжуудаа нээ” уриалга дэвшүүлж, ноцтой гэж хэлж болохуйц зарим тоо баримтуудыг танилцуулав. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн 50 жилд дэлхийн нийт газар нутгийн 77.6 хувь нь байнгын хуурайшилттай болжээ. Газрын доройтол, гангийн улмаас улс орнууд жилд дунджаар 878 тэрбум ам.долларын шууд хохирол амсдаг гэнэ. 2050 он гэхэд ус, хөрсний доройтолд өртөх бүсийн хүн ам одоогийнхоос 43 хувиар өсөж, дөрвөн тэрбумд хүрэх тооцооллыг НҮБ-аас гаргажээ. Иймд 2030 он гэхэд 1.5 тэрбум га доройтсон газрыг сэргээх, дегредацитай тэмцэхэд 2.6 триллион ам.доллар зарцуулах зорилтыг биелүүлэхэд анхаарах шаардлагатайг дурдав. Хөрсийг хамгаалж, үржил шимийг нь нэмэгдүүлэхэд зарцуулсан нэг ам.доллар 7-30 ам.долларын үр өгөөж авчирдаг гэж үздэг байна. Цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлж байгаа хамгийн үлгэр жишээ санаа¬ чилгаар Африкийн “Их ногоон хана” төслийг нэрлэжээ. Үүний хүрээнд тус бүс нутгийнхан 2030 он хүртэл 100 сая гектар хөрсийг нөхөн сэргээж, 250 сая тонн нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилт тавьсан аж.
Н.Мишээл