Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) олон улсын хэмжээнд прогноз, судалгаа хийхэд ашигладаг байнгын ажиглалтын 20 станцыг албан ёсоор бүртгэж, хяналтын сүлжээгээ өргөтгөснөө мэдээлэв. Ингэснээр уур амьсгал, агаарын температурын өөрчлөлт, хур тунадасны хэлбэлзэл, гидрологи, далайн усны түвшин, ган, зуд зэрэг байгалийн гамшигт, эрсдэлт үзэгдлийн давтамжийг урт хугацаанд, тасралтгүй, өндөр нарийвчлалтайгаар хэмжиж, Дэлхийн цаг уурын байгууллагын системд нийлүүлдэг томоохон станцын тоо 475 болсон гэнэ. Энэ онд шинээр бүртгэсэн 20 станцын 10 нь Намиби, Португалын газар нутагт байршиж буй бол үлдсэн нь АНУ, Норвег, Франц, Вьетнамд байна. НҮБ-аас хэрэгжүүлж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон улсын гэрээ, тунхаг, конвенцуудыг боловсруулж батлахад эдгээр станцын мэдээллийг ашигладаг гэнэ. 100гаас дээш жил тасралтгүй мэдээлэл цуглуулсан төхөөрөмжүүдийн хамгийн “ахмад” нь АНУ-ын Сускуэханна голын гидрологийн станц аж. Үүнийг 1876 оноос хойш тасралтгүй ажиллуулжээ. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс улбаатайгаар улс орнууд эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулахад хөрөнгө хүч багагүй зарцуулах болсон. Тэгвэл Дэлхийн цаг уурын байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн станцууд хүн төрөлхтнийг аюул ослоос урьдчилан сэргийлж, хамгаалахад, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Н.Мишээл