Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойд зүгт, 13 км-ийн зайд өчигдөр 07.03 цагт газар таван магнитудын хүчтэй хөдлөв. Газар хөдлөлийн чичирхийлэл тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хо¬хирол учраагүй байна. Ялангуяа нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн иргэдэд газар хөдлөлийн чичирхийлэл илүү хүчтэй мэдрэгджээ. Монгол орны нутаг дэвс¬гэр болон хил орчмын бүс нутагт он гарснаас хойш зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд газар 3.5-5.1 магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдол 24 удаа бүртгэгдсэнийг ОБЕГ-аас өчигдөр мэдээлэв.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд өнгөрсөн сарын 4-нд газар 5.3 магнитудын хүчтэй хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим хуудсанд тэмдэглэсэн байна. Газар 3.5 магнитудаас дээш хөдөл - сөн тохиолдлыг хүнд мэдрэгдэм газар хөдлөлт гэж үздэг юм. Он гарснаас хойш газар ийм хэмжээнээс дээш хэдэн удаа хөдөлснийг тус хүрээлэнгийн мэргэжилтнээс тодруулахад “Өнгөрсөн оны тавдугаар сарын 31-ний байдлаар газар 3.5 магнитудаас дээш удаа хөдөлсөн 27 тохиолдол бүртгэгдсэн. Харин энэ он гарснаас хойш дээрх хугацаанд ийм хэмжээний газар хөдлөлт 24 удаа болжээ. Мөн зургаадугаар сар гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлсөн тохиолдол хэд хэд бүртгэгдсэн” гэв. Мөн түүнээс газар хөдлөлийн гамшгийг урьдчилан мэдээлэх төхөөрөмж ажилласан, эсэхийг лавлахад “Газар хөдлөлтийн голомт буюу аюул учруулж болзошгүй бүс болох Дундговь аймгийн Дэрэн, Булганы Могод, Сэлэнгийн Бүрэн, Бүтээлийн нуруунд газар хөдлөлтийг бүртгэх, зарлан мэдээлэх станц байршуулсан. Өчигдөр өглөөний газар хөдлөлт Дэрэнгийн станцаас 10 орчим км-ийн зайд болсон ба голомтдоо зургаан баллын чичирхийлэл үүсгэсэн байна. Энэхүү чичирхийлэл нь ойролцоогоор уг системийн хүрээнд ажиллаж буй станцуудаас дор хаяж хоёр станцад долоон баллын чичиргээ мэдрэгдэхэд дохиолол дуугардаг юм. Дээрх хөдлөлт энэ хэмжээнд хүрээгүй тул станцад дохиолол дамжуулаагүй” гэв. Ташрамд, дээрх станцуудыг 2014 онд байршуулсан бөгөөд одоогоор аюул учруулах хэмжээний чичирхийлэл бүртгээгүй байна.
Ч.Болор