
Монгол орны нийт нутгийн 51 хувь нь гантай, гандуу байгаа бөгөөд бороо, хур хүлээсэн малчид тэнгэрийн өнгө шинжиж сууна. Өнгөрсөн зургаадугаар сард манай орны хэмжээнд дунджаар 28.5 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 38.2, олон жилийн дунджаас 20.1 хувиар бага байсныг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Үүнийг 1940 оноос хойш тохиолдож байгаа хур тунадас хамгийн бага орсон 25 дахь сар болж өнгөрсөн хэмээн тэмдэглэжээ. Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 27.1 хувь нь дунджаас ахиу, 62.8 хувь нь дунджаас бага, 10.1 хувьд олон жилийн дунджийн орчим хур тунадас унасан аж. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Хатгал сумд зургаадугаар сарын 20-нд 53.3 мм тунадас орсон нь нэг хоногт хамгийн их хур тунадас унасанд тооцогдсон байна.
Ч.ЦЭЛМЭГ