Баянзүрх дүүргийн I, III хорооны иргэд Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн баруун урд талд, Сэлбэ гол дагуу орших ногоон байгууламж бүхий талбайг авлигачид, барилгачдаас хамгаалах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тус хэсгийг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болгох талаар 10 гаруй жилийн өмнөөс ярьсан ч хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд ойр хавьд нь олон тооны барилга, байгууламж барьж, хэдэн талаас нь хавчиж хашсаар алга дарам газар үлдсэн гэнэ. Мөн барилгын компаниуд хог хаягдлаа үдэш оройн цагаар, хулгайгаар асгадаг болоод уджээ. Иймд тэндхийн оршин суугчид “Ногоон байгууламжаа аваръя”, “Нийтийн эзэмшлийг иргэдэд үлдээе” аяны хүрээнд санал, гарын үсгээ нэгтгэн, дүүрэг, хорооны удирдлагууд болон тойргоос нь сонгогдсон гишүүдэд хандахаар төлөвлөжээ. Баянзүрх дүүргийн I хорооны нэгэн иргэн энэ хэсгийн газрыг хамгаалах хөдөлгөөнийг гурван жилийн өмнө санаачилж, change.org олон улсын платформоор дамжуулан 1164 хүнээс гарын үсэг цуглуулсан аж. Тэгвэл үүн дээр нэмэлтээр дахин гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд III хорооны оршин суугчид ч нэгдээд байна.
Ж.Сувд