Хөл газрын гэгддэг лууль, шарилжийн төрлийн олон наст ургамлууд энэ сард цэцэглэж, тоосоо гөвөх төлөвтэйг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өчигдөр мэдээллээ. Иймд эдгээр ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Тэд “Шарилжийн төрлийн цэцэгт ургамлууд тоос хүртээгч шавжийг өөртөө татахын тулд олон жилийн хувьслын явцад амтлаг, тэжээллэг болсон. Цэцгийн тоос нь агаарт хэдэн мянган километрийн зайд тээвэрлэгдэх бөгөөд “зэрлэг” ургадаггүй газарт хүртэл хүрч, хүмүүсийг харшлуулах чадвартай. Европт шарилжийн тоос 2050 он гэхэд одоогийнхоос дөрөв дахин өсөх хандлагатай гэсэн судалгаа гарсан. Бид агаар дахь ургамлын тоосыг судлахад ойт хээрийн бүсэд дэгдэх хугацаа нь улирал, сар, өдрөөр өөрчлөгдөж байв. Бургас, улиас, хус зэрэг мод, сөөгт олон төрлийн тоосны мөхлөгүүд тодорхойлогдсон. Түүнчлэн Улаанбаатарт хийсэн судалгаагаар нийт цэцэгт ургамлаас 20 орчим нэр, төрлийн тоос илэрсэн. Иймд харшил үүсгэгч ургамлын цэцгийн тоосны агаарт дэгдэх хугацааг урьдчилан мэдээлж, тархалтыг зураглах нь иргэдийн эрүүл мэндэд нэн тустай” гэсэн юм.
Лууль, шарилжийн төрлийн ургамлууд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Булган, Төв аймгийн Зуунмод, Сэлэнгийн Сүхбаатар, Хэнтийн Чингис, Сүхбаатарын Баруун-Урт сумд энэ сарын 8-15-нд цэцэглэж, тоосоо гөвөх таатай үе нь тохиожээ. Мөн 18-наас хойш Дорноговь аймгийн Сайншанд, Өмнөговийн Даланзадгад, Дорнодын Чойбалсан хотод дээрх ургамлуудын тоос агаарт дэгдэх тул иргэдийг амны хаалт зүүж, урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээг авахыг анхаарууллаа.
О.Ундрах
