Бүс нутгийн ойн менежмент, экологийн тогтвортой байдал, цөлжилттэй тэмцэх бодлогын асуудлыг хөндөж, хамтын шийдэл боловсруулах зорилготой Төв Азийн орнуудын ойн асуудал хариуцсан сайд нарын IV зөвлөлдөх уулзалт Дархан-Уул аймагт болж байна. Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, МУИС-ийн Инженер, технологийн сургууль хамтран зохион байгуулж, долоон орны 28 төлөөлөгч оролцож буй аж.
Ойн асуудлаарх бүс нутгийн удирдах албан тушаалтнуудын уулзалтыг Төв Азийн байгаль орчны бүсийн төв, Ази, Номхон далайн тогтвортой ойн менежмент ба сэргээн босголтын сүлжээ байгууллагаас анх 2016 онд Казахстанд зохион байгуулсан бол удаахыг нь Киргиз, Хятадад хийж, тухай бүрдээ байгаль хамгааллын хамтарсан тунхаглал, менежментийн төлөвлөгөө баталж байжээ. Манай улсад болж буй IV зөвлөлдөх уулзалтын үр дүнд ч ойн түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн менежментийг сайжруулах, хууль, эрх зүйн болон стратегийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тустай шийдэл, төлөвлөгөө боловсруулж, батална хэмээн салбарын мэргэжилтнүүд хүлээлт тавьж байна.
Ойн газрынхны мэдээлснээр уулзалтад оролцогчид түймэр, хортон шавж, хуурайшилт, хууль бус мод бэлтгэл зэрэг тулгамдсан бэрхшээлүүдийг голчлон хөндөхөөс гадна байгалийн ойн үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлэх, үнэлэх арга зүй боловсруулах, генетик нөөцийн хамгаалал, судалгааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож буй гэнэ.
Н.Мишээл