Монгол Улсад хоёрхон байдаг бясалгалын сүмийн нэг болох Арьяабалын хийдийн жорлон гадаадын жуулчдыг “үргээж”, тэднийг дагалдан яваа хөтөч, тайлбарлагчдыг нүүр хийх газаргүй болгож байна. Монголын нийслэлд ирсэн жуулчид Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Зуун ламын агуй, Арьяабалын хийд, Мэлхий хад гэсэн үндсэн маршрутаар явж, манай орны үзэсгэлэнт байгаль, шашин соёлын дурсгалт газартай танилцдаг юм. Тэрэлж рүү аялал зохион байгуулдаг бараг бүх компанийн маршрутад энэ хийд багтдаг. Гэтэл 20 гаруй жилийн түүхтэй Арьяабалын хийд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж байтугай дорвитойхон модон жорлонтой ч болж чадалгүй өнөөдрийг хүрчээ.
Гадаад, дотоодын жуулчид, мөргөлчдөд зориулан байршуулсан төмөр чингэлэг (контейнер) бүхий жорлон нь хүн тухтай бие засах нь бүү хэл, ойртохын аргагүй өмхий, бохир аж. Үүнээс болоод жуулчид нийтийн бие засах газар хүртлээ тэсэх, эсвэл ойролцоох амралтын газрынхныг царайчлахад хүрдэг байна.
Тэнд олон удаа жуулчин дагуулж очсон хөтөч Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныханд болон хийдийн үйл ажиллагаа хариуцсан хүмүүст хандан “Жорлонгоо шинэчилдэггүй юм гэхэд ядаж өмхий үнэрийг нь дараад, гар угаах боломжтой болгож өгөөч. Хэчнээн жил хар ялаанд дамжлуулах шахаж, батганатай ялгадас үнэртүүлэх гэсэн юм бэ” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Жуулчид ч үүнтэй холбоотой санал гомдол байнга хэлдгийг хөтөч нар хөндөж байна.
Дотоодын иргэд Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт нэвтрэхдээ 3000, гадаадынх 15 000 төгрөгийн хураамж төлдөг. Түүнчлэн автобусаар зорчиж буй тохиолдолд суудлын тооноос нь хамаараад 30 000-72 000 мянган төгрөг хураалгадаг аж. Мөн Арьяабалын хийд рүү нэвтрэхийн тулд гадаадын жуулчид 2000, монголчууд 1000 төгрөгийн тасалбар худалдан авах ёстой. Тухайн хийдийн үйл ажиллагааг хариуцсан хүмүүс энэ мөнгийг хураадаг. Тиймээс эдгээр байгууллагынхныг хураамж тогтмол авдаг шигээ үйлчилгээндээ анхаарч, жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангахыг, тусгай хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулж байгаагаа ухамсарлан байгаль орчин бохирдуулахгүй байхыг аяллын хөтөч, тайлбарлагч нар шаардах болжээ.
Н.Мишээл