Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг болох “Туулын хурдны зам”-ыг Туул голын хамгаалалтын бүсэд барихын тулд хуулийн хулгай хийсэн байж болзошгүй нь. Тодруулбал, тус төслийн ажлыг саадгүй явуулахын тулд өнгөрсөн долоодугаар сарын 9-нд буюу олон нийтийн анхаарал суларсан баяр наадмын өмнөхөн Усны тухай хуульд нэгэн заалтыг нэмэлтээр “шургуулжээ”.
Эл хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол, мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээгээд ямарваа нэг үйл ажиллагаа эрхлэх, барилга, байгууламж барихыг хориглосон байдаг. Тэгвэл өнгөрсөн сард тус хуульд “Онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх ...хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг нэмж оруулжээ. Харин Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д нийтийн зориулалттай дэд бүтэц гэсэн ойлголтыг тодорхойлсон байх бөгөөд үүнд төрийн үйлчилгээний барилга, байгууламж, авто болон төмөр, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, инженерийн шугам сүлжээ, гамшгаас сэргийлэх хийц, бүтээц зэргийг багтаасан байна. Өөрөөр хэлбэл, нийтийн зориулалттай дэд бүтэц барих нэрээр нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон голын онцгой хамгаалалтын бүсэд халдах замыг ийн зассан байж болзошгүй нь.
Эл хурдны замыг Туул голын эрэг дагуу, Богдхан уулын орчны бүсэд буюу Улаанбаатар хотын экосистемийг тэтгэдэг гол бүсэд барих гэж буйг “Өнөөдөр” сонин шүүмжилж, “2.3 их наядыг дэнчинд тавих хурдны замын бартаа” нийтлэлийг 20 гаруй хоногийн өмнө хүргэж байв. Үүнд дурдсан экологийн эрсдэл, хор нөлөөллүүд эхнээсээ биеллээ олох нөхцөлийг хуулийн энэ заалт бүрдүүлэхийг үгүйсгэхгүй.
Ж.Сувд