БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвийг энэ онд багтаан агаарын чанарын автомат станцтай болгох төсөл хэрэгжүүлж буй билээ. Үүний хүрээнд энэ зун 14 аймагт автомат станц суурилуулсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Найм, есдүгээр сард Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт ийм төхөөрөмж суурилуулснаар төслийн ажил дуусах аж.
Харин ирэх онд төслийн II шатанд орчны хяналтын багаж, тоног төхөөрөмжүүдийг нийслэл, орон нутгийн цаг уурын байгууллагуудад буцалтгүй тусламжаар нийлүүлэх бол Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хоёр жилд багтаан хэрэгжүүлэх гэнэ. Түүнчлэн энэ оны аравдугаар сараас эхлэн байгаль орчны хяналтын явуулын лабораторийг туршилтын шугамаар ажиллуулахаар төлөвлөжээ.
Н.Буян