“Говийн хулан” төрийн бус байгууллагынхан орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр 2012 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 18-нд тэмдэглэж буй Хулангийн өдрийн арга хэмжээг энэ онд илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. “Хулангийн өдрийг хамтдаа тэмдэглэе” уриан дор биологийн олон янз байдлын үнэ цэнийг таниулах, говийн зэрлэг амьтдын амьдрах орчинд тулгамдаж буй асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, гарц шийдэл эрэлхийлэх уулзалт, хэлэлцүүлгийг энэ өдөр хийхээр болсон байна. Манай улс жил бүрийн аравдугаар сарын 25-ныг Хулан хамгаалах өдөр болгож тэмдэглэх санаачилгыг өнгөрсөн онд гаргасан. Энэ нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх санаачилга бол “Говийн хулан”-гийнх эл амьтан тархан нутагладаг бүс нутгийн иргэдийн экологийн боловсрол, оролцоо, чадавхыг дэмжих зорилготой аж.
Н.Мишээл