Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг Төрийн ордонд хоёр дахь долоо хоногтоо хэлэлцүүлэв. Хуулиар цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, сөрөг агуулгатай контентоос ангид байлгах, цахим дээрэлхэлтийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болгох зэрэг харилцааг зохицуулах юм. Төслийн анхан шатны хэлэлцүүлгүүдийг цахимаар болон сургуулиудад 6000 гаруй хүүхдийг хамруулан зохион байгуулжээ. Энэ үеэр хүүхдүүдээс давхар судалгаа авч, дүнг нь хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.
Судалгаанд оролцогчдын 81.4 хувь нь өдөрт дунджаар гурваас олон цагийг цахим орчинд өнгөрүүлдэг тухайгаа нуулгүй хэлжээ. Үүний дотор 41 хувь нь таваас дээш цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг гэсэн байна. Хамгийн түгээмэл ашигладаг платформ нь инстаграм, юүтүб, тикток аж. Түүнчлэн хүүхдүүд цахим орчинд олон төрлийн эрсдэлтэй тулгарч буйг судалгааны дүгнэлт харуулав. Тухайлбал, тэдний 37.3 хувь нь танихгүй хүнээс чат, зурвас хүлээн авсан, 26.7 хувь нь хуурамч хаяг, залиланд өртсөн, 22.4 хувь нь бэлгийн хүчирхийллийн шинж агуулсан контенттой тулгарсан, 18.3 хувь нь цахим дээрэлхэлт, доромжлолтой нүүр тулсан, 11.1 хувь нь амиа хорлох, өөрийгөө гэмтээх агуулга бүхий видео үзсэн гэж хариулжээ. Иймд хүүхдүүд цахим орчинд өөрсдийг нь хамгаалах ямар нэгэн арга хэмжээ, зохицуулалттай болохыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Ингэхдээ насанд тохироогүй контентыг хязгаарлах, ёс бус сэтгэгдлийг автоматаар устгах, байршлын мэдээллийг хамгаалах, хувийн хаягийг хаалттай болгох, танихгүй хүнээс чат ирүүлэхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлээсэй гэж хүссэн байна.
О.Ундрах