Япон Улс гадаадын иргэдийн визийн хураамжийг эрс нэмэгдүүлж, хил нэвтрэхээс өмнө цахимаар урьдчилан зөвшөөрөл хүсэх зэрэг заалтыг тусгасан Цагаачлалын хяналтын тухай хуулийн төслөө хэлэлцүүлж, парламент нь дэмжсэнийг “Кёодо ньюс” агентлаг мэдээллээ. Ингэснээр виз сунгах төлбөр 6000-аас 100 000, байнга оршин суух зөвшөөрлийн хураамж 10 мянгаас 300 000 иен болж огцом өсөх аж. Визийн хураамжийн шинэчилсэн тарифыг олон нийтээс санал авсны дараа Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлэх гэнэ. Төлбөр нэмсэн шалтгааныг Засгийн газар нь бусад зардал өссөнтэй холбон тайлбарласан ч “цагаач иргэдийн тоог цөөлөх далд бодлого” хэмээн олон улсын хэвлэлүүдэд онцолжээ. Учир нь Японд сурч, ажиллаж, амьдардаг гадаад иргэдийн тоо дөрвөн сая хол даваад байгаа аж. Цагаачлалын хяналтын тухай хуулийн хүрээнд Японд аялах зөвшөөрлийн цахим систем бий болгож, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг систем нь терроризм, хууль бус хөдөлмөр эрхлэлтээс сэргийлэх зорилготой бөгөөд Японд богино хугацаагаар визгүй зорчих эрхтэй 74 улсын иргэдийг үүнд хамруулах юм байна. Өөрөөр хэлбэл, аялагчид Японд очихоосоо өмнө хувийн бүх мэдээллээ цахимаар бөглөж, шалгуулсны дараа хил нэвтрэх зөвшөөрөл авна гэсэн үг.
М.Гэгээ