Монгол Улс “Цэнхэр бонд гаргах удирдамж” боловсруулж, усны тогтвортой менежментийг дэмжих боломж бүрдүүлснийг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос мэдээллээ.Тодруулбал,тус хорооноос тогтвортой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үнэт цаасны зах зээлд байгаль орчинд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, усны нөөцийг хамгаалах ,урт хугацаанд ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор улсын онцлогтоо нийцүүлэн дээрх удирдамжийг боловсруулж, олон нийтэд танилцуулав. Уг удирдамж нь усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалттатах, “цэнхэр” санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн юм байна. Түүнчлэн “цэнхэр” бонд гаргах, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, үнэлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон үр нөлөөг тайлагнах үндсэн зарчмуудыг тодорхойлжээ. Ингэснээр үнэт цаас гаргагч, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын “цэнхэр” санхүүжилтийн талаарх ойлголтыг нэгтгэж, санхүүжилтийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх ач холбогдолтойг СЗХ -ноос онцлов.