Хүн хун болсон түүх “Хунт нуур”-ынх. Харин тэдгээр хунг тайзнаа амилуулж, үзэгчдийн сэтгэлд хоногшуулах увдист хөгжмийг П.И.Чайковский бичсэн. Балетын урлагийн тулгын гурван чулуу болсон “Нойрссон гүнж”, “Цөмөөхэй”, “Хунт нуур”-ыг зохиосон түүний туурвилаар сонгодог бүжгийг төсөөлөхгүй гээд яах билээ. Гоёлоо өмссөн бүжигчид хун шиг дэвнэ. Зөвхөн бүсгүйчүүд биш эрчүүд ч бас дүүлэн ниснэ. Газраас үл ялиг хүч аваад л тэнгэр өөд тэмүүлнэ. Гэсэн ч эргэн бууна. Хүн сүрэгтэйгээ ч нэгдэн амьдарна. Харин тайзан дээрээ тэд тэнгэрлэг оршихуй, хэн нэгний төсөөлөлд байдаг хүн-хун. Дэлхийн балетын урлагийн энэ цагийн шижигнэсэн оддыг нэгэн тайзнаа цуглуулах “Монголд тавтай морил” тоглолт маргааш эхэлнэ.
Хоёрхон өдөр АНУ, Тайвань, Франц, Гүрж, Япон, Казахстаны бүжигчид хэрхэн бүжиглэдгийг харах боломж бүрдлээ. Шилдэг бүжигчид монголчуудад хүндэтгэл үзүүлэн Дуурь бүжгийн эрдмийн театрын хүрэн хөшгийг нээж, тантай мэндчилэх юм. Өчигдөр бүжигчид эл тоглолтын продюсер Д.Алтанхуягийн хамт хэвлэлийн бага хуралд оролцож, балетын наадмын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын соёлын элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Night of ballet”, “Winter star-2012”, “Комаки балет”, “Монгол бахархал” тоглолтыг зохион байгуулж, “Цөмөөхэй”-г шинэчлэн найруулж үзэгчдийн хүртээл болгосон. Цаашид ч хийх ажлаа хэдийнэ төлөвлөж, заримыг нь эхлүүлсэн гэдгээ тэрбээр энэ үеэр хэллээ.
Тухайлбал ирэх жил манай улсад хүүхдийн балетын наадам болох гэнэ. Тэрбээр өнгөрсөн жил “Цөмөөхэй”-г шинэчлэн тоглуулахдаа 250 хүүхдийг театрын тайзнаа гаргаж чадсан. Балетын урлагаар хичээллэдэг мөн сонирхон үздэг багачуудын хүслийг тэр энэ үеэр илүү сайн мэдэрсэн учраас дээрх наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Монголд тавтай морил” тоглолтынхоо өөр нэг хувилбарыг энэ сардаа багтаан Японы үзэгчдэд хүргэх гэж байгаа нь ч олон улсад эх орноо сурталчлах сайхан үйлс юм. Монголын балетын жүжигчний урилгаар дэлхийн балетын одод Токиод цуглах нь. Та бүхэнд “Монголд тавтай морил” тоглолтод оролцох гадаадын 12 бүжигчинг танилцуулъя.

ЮРИ ЯНОВСКИЙ
Юри Яновский Францын Лион хотноо төрж, Испанийн Мадридад өсчээ. Канадын Торонто хотноо болсон дэлхийн шилдэг бүжиг дэглээчдийн наадмын “Эрик Бруни” шагналыг гардсан түүний тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Түүнчлэн энэ удаа эхнэртэйгээ бүжиглэх тухай нь ч дурдсан. Түүний аав Анатолий Яновский, ээж Кармен Роблес нар балетын жүжигчин байсан учраас хүүгээ багаас нь бэлтгэжээ. 22 дахь жилдээ “Бостон” балет компанийн тайзнаа бүжиглэж буй Юригийн эгч Зинайда Яновский ч бас дэлхийд танигдсан бүжигчин аж. Сонирхолтой нь, тэрбээр Кубад балетын сургууль дүүргэж, анхны шагналаа Швейцарийн балетын тэмцээнээс гарджээ. Өдгөө тэрбээр АНУ-д амьдарч байгаа.

КЭТЛИН БРИН КОМБЕС
АНУ-ын Флорида мужид амьдардаг энэ бүсгүй 2002 онд Вашингтоны балетын компани, 2003 онд “Бостон” балет компанийн бүжигчин болж, 2009 оноос хойш гоцлол бүжигчнээр ажиллаж буй. “Кармен”, “Үнсгэлжин”, “Унаж буй сахиусан тэнгэрүүд”, “Жизель” зэрэг дэлхийд алдартай сонгодог болон модерн балетыг гоцолж байсан түүний нөхөр нь ч бас бүжигчин. Тэд “Бостон” балет компанид хамт ажилладаг төдийгүй Монголд ч цуг иржээ. Энэ удаа нөхрийнхөө өөрт нь зориулан дэглэсэн “Нирис” бүжгийг хамтдаа бүжиглэх юм. Түүний нөхөр Юри Яновскигийн тухай мэдээллийг та дөнгөж саяхан уншсан биз ээ.

АЙСАК АКИБА
Бостон хотын уугуул иргэн Айсак Акиба есөн настайдаа “Хотын бүжгийн хөтөлбөр”-т оролцсоноор балетын урлагт хөл тавьжээ. 1998 оноос “Бостон” балетын сургуульд суралцах болсноос гадна Сидней Леонард, Франко Де Вито, Диердре Майлс Бургерийн дор балетын боловсрол эзэмшсэн.

УИТНИ ЖЕНСЕН
Тэр бол монголчуудын танил хар хун. 2011 онд дэлхийн балетын одод Монголд чуулахад ирж бүжиглэсэн. Тайзнаа хар хунгийн дүрээр амилж, залуу нас, чадварлаг гүйцэтгэлээрээ ялгарсан юм. “Залуу америкчуудын гран при” тэмцээний мөнгөн медаль, “Америкийн итгэл найдвар” тэмцээний тусгай байрын шагналаас эхлээд дэлхийн томоохон балетын наадмаас долоон алт, нэг мөнгөн медаль хүртсэн нь түүний чадварын илэрхийлэл болно.

ЛАША ХОЗАШВИЛИ
Гүржийн Тбилиси хотын Чубикианы нэрэмжит Улсын бүжиг, найруулгын сургуулийг дүүргэсэн энэ залуу 2002 оноос Палиашвилийн нэрэмжит Улсын дуурь, бүжгийн театр болон Балетын театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байжээ. 2008 онд Гильберт Алберт болон Нина Ананиашвилийн нэрэмжит олон улсын “Од” шагналыг хүртэж байсан түүнийг “Ballet dance” сэтгүүлээс “Хамгийн өндөр хэмжээнд бэлтгэгдсэн бүжигчин”-ээр тодруулжээ. Тэрбээр энэ удаа Уитни Жеснен, Лиа Сирио нартай “Корсар” балетын хэсгээс бүжиглэнэ.

ФАН И
“Алтанхуягийн хөдөлгөөний хэмнэлийг хараад л миний сэтгэл хөдөлсөн. Түүнд зориулж бүжиг дэглэж болох нь, би хамтрагчаа олчихлоо л гэж бодсон” хэмээн түүнийг ярихад танхимд цугласан бүх бүжигчин алга нижигнүүлж, инээд хөөр болсон. Тайванийн бүжигчин Фан И энэ удаа гавьяат жүжигчин Д.Алтанхуягт зориулан бүжиг дэглэж, түүнтэй хамтран бүжиглэхээр болсон юм. Уржигдар бэлтгэлийнхээ үеэр Д.Алтанхуяг түүнд морин хуурын аялгуу сонсгосныг Фан И онцлон яриад “Өмнө нь огт сонсож байгаагүй хөгжмөө сонссон. Алтанхуягийн хөдөлгөөний энэ онцлог улс, үндэстнийх нь соёлтой холбоотой байх” гэж ярилаа. Марта Грэмийн бүжгийн компанийн гоцлол бүжигчин Фан И Тайванийн Ерөнхийлөгчийн “Алмас эрдэнийн бүлгэмийн хүндэт тууз”, Үндэсний урлагийн дээд шагнал хүртсэн нэгэн.

БРЭДЛИ ШЛАГХЕК
“Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Брэдли Шлагхек Флорида мужийн Мэйтлэнд хотын Урлагийн сургуульд бүжгийн хичээлээ эхлүүлжээ. Тэрбээр 2013 оноос хойш нэгдүгээр зэргийн гоцлооч болон дэвшээд байгаа юм. “Цөмөөхэй”, “Нойрссон гүнж”, “Ромео Жульетта” зэрэг балетыг гоцолж байсан Брэдли Шлагхек энэ удаа “Хунт нуур”-ын хэсгээс Лиа Сириотой бүжиглэнэ.

МАДЕЛАЙН БОНН
Хамт тайзнаа гарах бүжигчдээсээ хамгийн урт хугацаагаар Монголд амьдарсан бас амьдрах хүн нь Маделайн Бонн. Тэрбээр гурван долоо хоногийн өмнө манай улсад ирж Монголын балетын урлагтай танилцаж буй бөгөөд энэ улирлыг дуустал ДБЭТ-ын бүжигчидтэй туршлага солилцох аж. “Монголд тавтай морил” наадмын тухай тэрбээр аль эрт мэдсэн төдийгүй энэ завшааныг ашиглан Монголд зочлох хүслээ гүйцээжээ. Английн эзэн хааны театрын балетын сургуулийг дүүргэсэн түүнд Монголын балетын сургалт сонирхолтой санагдах болжээ.

ЛИА СИРИО
Пенсильванийн Өсвөрийн балетын сургуульд хувийн багш Тереза Кроуфорд болон Рафаель Григориантай бэлтгэл хийсээр 16 настайдаа Урлаг хөгжүүлэх Үндэсний сангийн “Level one” шагналын эзэн болж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэнэ гэдэг сурагч охинд томдсон амжилт. Гэхдээ л Лиа Сирио чадсан. Улмаар “Regional dance America” фестивалийг үндэслэгчдийн шагналыг хүртэж, дээд тэтгэлэг гардсан юм. “Pointe” сэтгүүлийн нүүрийг чимээд амжсан энэ бүсгүй 2007 оноос хойш “Бостон” балет компанид гоцолж буй. Монголын тайзнаа бүжиглэх шилдэг бүжигчдийн дунд Лиагийн дүү нь бас багтсан.

ЖЕФРИ СИРИО
Пенсильванийн Өсвөрийн балетын сургуульд Лазло Вердогийн удирдлага дор бүжгийн хичээл заалгаж, Бостон, Орландо болон Данийн эзэн хааны балетын сургуульд сурч, 2009 оноос хойш “Бостон балет” компанид бүжиглэж буй түүнийг “Boston Globe” сонин, “Pointe” сэтгүүлд өндрөөр үнэлэн бичсэн байдаг. Жефри Сирио бол чадварлаг бүжигчин, авьяаслаг бүжиг дэглээч билээ. Түүний дэглэсэн бүжиг “Бостон балет” компанийн тайзнаа амилж, балет шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

АЙДОС ЗАКАН
Казахстаны Алма-Ата балетын театрын гоцлооч Айдос Закан Селеневагийн бүжгийн сургууль болон ОХУ-ын Санкт-Петербургийн Вагановын академид суралцаж төгссөнөөс гадна 2006-2009 онд Татарын Дуурь бүжгийн академик театр, 2010-2013 онд К.С.Станислав ба В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит Москвагийн Хөгжмийн академик театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байжээ. “Сибирь-2005”, “Арабеск-2010” тэмцээний нэг, Вагановын олон улсын балетын тэмцээний гуравдугаар байрын шагналтай энэ бүжигчин Маделайн Бонны хамт “Корсар” балетын хэсгээс бүжиглэнэ.

МИСА КУРАНАГА
Москвагийн Олон улсын балетын есдүгээр тэмцээний алтан медалийг хүртсэн Миса Куранага эх орныхоо нэрийг алдаршуулсан шилдэг бүжигчин юм. Энэ удаа тэрбээр Айсак Акибагийн хамт “Хунт нуур” бүжгэн жүжгийн гуравдугаар үзэгдлийн хэсгээс толилуулах юм. Тэдний тоглолтын тухай Д.Алтанхуяг уулга алдан магтаж байна лээ. Балетын урлагийн тулгын гурван чулуу болсон бүжгэн жүжгүүдийг гоцолж, А.Аданы “урласан” Жизелийг ч амилуулчихсан болохоор түүний тоглолтыг үзсэнийхээ дараа л дүгнэлт хэлэх нь зүй.