
Монгол Улс даяар тогтоогоод байгаа сургууль цэцэрлэг, олон нийтийн газар, хилийн боомтуудын хөл хориог дахин цааш сунгах хугацааг өнөөдөр хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.
Өнгөрсөн лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог сунгана гэдгийг мэдэгдсэн.
Улсын онцгой байдлын комиссын нэгдүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн өмчийн байдал үл харгалзан гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан.
Түүнчлэн олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон билээ.
Ингээд зогсохгүй “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол” гарсан юм.
Харин хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ.