
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгджээ. Мөн Хятадад эрүүл мэндийн 3,019 ажилтан халдвар авсан байна" гэв.
Халдвар авачдын 81 хувь нь хөнгөн, 14 хувь нь дунд, 5 хувь нь нэн хүнд байдлаар өвчилжээ.
Мөн одоогоор Япон, Солонгос, Сингапур, Тайвань зэрэг Азийн 19 оронд 900 орчим хүн уг халдвараар өвчлөөд байна.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл "ДЭМБ-аас улс орнуудад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг зөвлөж байгаа. Өчигдөр ажлын хэсэг хуралдаад эрсдлийн үнэлгээг дахин хийхэд манай улсад уг халдвар тархах эрсдэл өндөр байна хэмээн дүгнэсэн" гэлээ.