
Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээлэлд, "АНУ-ын Лас Вегас хотод болсон дэлхийн үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалтад оролцсон хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тус уулзалтад Монгол Улсын 24 иргэн оролцсон" хэмээн мэдээлсэн. Тэгвэл тэдгээр иргэдийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа.
Тэрбээр “ХӨСҮТ-д хуралд оролцсон “Re/маx” компанийн 16 хүний эхний шинжилгээнээс халдвар илрээгүй. Үргэлжүлүүлэн ажиглалтад хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна. БНХАУ маш хатуу арга хэмжээ авч байна. Иргэд нь ч үүнийг маш сайн сахиж байна. Иймд тус улсын халдварын тоо эрс буурч байна. Манай улсын иргэд журмыг сайн дагах нь чухал байна” гэлээ.