Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг, Зүүнбаянгийн газрын тосны ордод үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ч эцсийн шийдвэр хараахан гаргаагүй байна. Тус компанийнхан химийн хорт болон аюултай бодис байгальд хаясан хэрэгт холбогдож прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 24.1-3 дахь хэсгийн “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг газар, газрын хэвлийд хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн орон нутгийн шүүхэд шилжүүлсэн аж.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтсан пентан, гептан, октан, гексан зэрэг бодисыг “Доншен газрын тос Монгол” ХХК нефть олборлох үйл ажиллагаандаа ашигладаг аж. Түүнийгээ хаягдлын даландаа бус, гадуур нь хаяж, байгаль, газрын хэвлий бохирдуулсан талаар иргэд хууль сахиулах байгууллагад мэдээлэл өгсний дагуу шалгажээ. Улмаар нэр дурдсан химийн хорт, аюултай бодисыг ил задгай байршуулсан нь хэргийн газарт ажилласан шинжээчийн дүгнэлт зэргээр тодорхой болсон гэнэ. Тиймээс “Доншен газрын тос Монгол” ХХК-ийнхан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ч Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Ингэхдээ “Доншен газрын тос Монгол” ХХК-ийг яллагдагчаар татсан ч түүний эрх бүхий албан тушаалтныг хариуцлагад татаагүй нь хууль зөрчсөн үндэслэл болсон гэж үзсэн байна. Тиймээс уг ажиллагааг хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн аж. Үүнийг прокурор болон дээрх компанийн хууль ёсны төлөөлөгч нар эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Дээд шүүх ирэх долоо хоногт уг хэргийг хянан хэлэлцэнэ.
“Доншен газрын тос Монгол” ХХК-ийнхан Монгол Улсад төлөх ёстой 195 тэрбумын татвараа төлөөгүй, татварын байгууллагаас үүнд нь 14.5 тэрбум шахам төгрөгийн акт тавьсан ч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийнхөн биелэлтийг нь түдгэлзүүлснээ нууцалсан гэх асуудал нэг хэсэг олны анхааралд өртөж байсан ч өдгөө мартагдсан билээ.