
Эрүүл мэндийн яамны байран дээр албаныхан шинэ коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн шөнийн 02:00 цагт франц иргэний шинжилгээний хариу гарч коронавирус илэрсэн. Тус иргэн манай улсад халдварыг зөөвөрлөж авч ирсэн. ДЭМБ-аас бидэнд олон төрлийн эм, вакцин үйлдвэрлэж байгаа гэдэг мэдээлэл өгч байна. Дэлхийн таван оронд вакцин үйлдвэрлэх гэнэ. Гэвч аюулгүй, үр дүнтэй вакцин гаргаж авахад 18 сар зарцуулах шаардалагатай болж байна. Ард иргэд өөрсдийгөө хамгаалах, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах хэрэгтэй. Хэрэв халуурах, ханиалгах, суулгах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. ЭМЯ болон эрүүл мэндийн байгууллагууд хоёр үндсэн чиглэлээр ажиллаж эхлээд байна.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Дархан-Уул аймагт Сүхбаатар боомтоор орж ирсэн 25 хүнийг тусгаарласан. Тус боомтод таван сэжигтэй тохиолдол байна. Дарханд нийт 62 хүнийг тусгаарлаад байна. Улсын хэмжээнд 514 хүн ажиглалтад байна. Өнөө өглөө 06:00 цагийн үед мэргэжлийн эмч нарын багийг Дорноговь аймаг руу илгээсэн. Онош батлагдсан иргэн халуунгүй, ямар нэгэн зовиургүй байна. Одоогоор кэмп дээрээ тусгаарлагдсан байдалтай байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол батлагдлаа. Одоогоор ойрын хавьтагч 123 хүнийг илрүүлэн тусгаарлах ажлыг зохион байгуулж байна. ХӨСҮТ-д 7 хүнийг тусгаарлаж тандалт шинжилгээ хийж байна.
Хэдийгээр бид өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч монголчууд сандрах хэрэггүй. Энэ вирустэй дэлхийн 130 гаруй орон нүүр тулсан. Үүнд иргэд сандарч, бидний ажилд хүндрэл учруулахгүй байхыг сануулъя. Бид хийх ажлаа нэлээд сайн төлөвлөж зохион байгуулсан байгаа. ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа бүрэн хангасан байгаа. Мөн иргэд маань ч энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргад сайн суралцсан байна.